Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1023 сонгогч санал өгчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-09 09:46:44

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтыг Ховд аймгийн хэмжээнд 17 сум, 91 багийн хэсгийн хороонд зохион байгуулж байна.  

Үүнд хэсгийн хорооны дарга, гишүүн, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан зэрэг 1000 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад Ховд аймгийн хэмжээнд 55785 иргэн бүртгэлтэй байгааҮүнээс хамгийн олон буюу 20 мянга гаруй сонгогч нь аймгийн төв, Жаргалант суманд байна.

Ховд аймгийн хэмжээнд 1080 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан. Улмаар 1023 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн байна.  

Иргэд энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд оролцохдоо коронавирусний халдварын тархалтаас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж байгаагаараа онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах байранд Ховд аймгийн хэмжээнд гурван нам эвслийн төлөөлөл 380 хүн ажиглагчаар ажиллаж байна.

Санал авах үйл ажиллагаа орон нутгийн цагаар 21:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд харьяа санал авах байранд очиж, идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалав. 

Холбоотой мэдээ