Баатаруудын алдрыг мөнхжүүлсэн ном уншигчдын гарт очлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-23 00:47:34

«Дайчин эрийн алдар ард түмний зүрхэнд» нэртэй ном саяхан хэвлэгдэн гарч уншигчидтайгаа золгов.

Энэ номыг зохиогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдран суугаа нас ная гарсан ахмад эдийн засагч Ж.Бакел гуай ярихдаа, Миний аав Ж.Жанабилхан тус аймгаас төрж гарсан Ардын армийн анхны офицерүүдийн нэг байсан. Нутагтаа залуучуудын үүрийн даргаар ажиллаж байгаад1939 онд цэргийн албанд мордсон. Удалгүй цэргийн сургуульд орж төгсөөд Тамсагт салааны даргаар ажиллаж байгаад баруун хязгаарт шилжин ирж, 1947 оны 6 сарын 5-нд Байтаг Богдод болсон тулалдаанаар гоминданы мянган цэрэгтэй долоон цэрэгтэйгээ өдөржин байлдаад амь үрэгдсэн юм. Гэтэл уг тулалдаанд анги отрядаа зөв удирдаж чадаагүй айж балмадан ухралт хийлгэсэн дарга өөрийн буруугаа нуух үүднээс тэдгээр найман цэргийг дайсанд бууж өгсөн мэтийн буруу ташаа рапорт өгснөөр эх орныхоо сөөм газрын төлөө халуун амиа өргөсөн тэр найман эрийн алдар нэрийг хэлмэгдүүлсэн. Харин хожим үнэнч шударга эрдэмтэн судлаачид түүхэн баримтыг сөхөж гаргаснаар тэд жинхэнэ эх орончид болохыг баталсан. Дэслэгч Ж.Жанабилханыг 1990 онд Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор нэхэн шагнасан ч харамсалтай нь тухайн үед түүний хөгшин буурал эцэг эх, өнчирч хоцорсон гэргий, үр хүүхэд бидэнд асрагч нь эх орны төлөө амь үрэгдсэний тэтгэлэг олгоогүйн дээр 1963 онд улсын хилийг шинэчлэн тогтооход энэ найман баатрын булш Эх орных нь дархан хилийн цаана гарчихсан нь нэн харамсалтай. Эцгийнхээ тухай дурдатгалын дөрөв дэх номыг гаргаж байгаа мань энэ. Өнгөрсөн зун эцгийнхээ мэндэлсний зуун жилийн ойг төрсөн газар нь болох Сиргал (Хотон) нуурын эрэг дээр тэмдэглээд дурсгалын самбар босгов. Дайчин эрсийн алдарыг хойч үеийнхэн дурсан санаж явах болтугай гэв.                                                                     

Ш.Айзаря

Холбоотой мэдээ