Сирийн иргэдийн нөхцөл байдал хүнд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-23 10:55:59

НЬЮ-ЙОРК. /АР/. Сирийн иргэний дайны талаарх НҮБ-ын тайланд тус улсын энгийн номхон иргэдийн амьдарч буй нөхцөл байдлыг “эгзэгтэй” гэж тодорхойлжээ. Харин нөхцөл байдлыг хянах үүрэгтэй АНУ болон ОХУ байдлыг “улам эмх замбараагүй болгож байгаа аж.

Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхэн өнгөрсөн хоёрдугаар сард гал зогсоох хэлэлцээр байгуулсан билээ. Гэтэл байлдааны ажиллагаа саяхнаас дахин эрчимжиж, энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх боломж хумигдаж байна.

Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура тус улсын нөхцөл байдлыг мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблдейд утсаар тайлагнажээ. Тэрбээр хэлэхдээ “энгийн номхон иргэд өлсөж үхэхийн даваан дээр байна. Дайсагнагч талууд байлдааны ажиллагааг эрчимжүүлэн энхийн хэлэлцээг дагаж мөрдөхгүй байна” гэжээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг үндэслэн ирэх сард түр засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээ хийхэд зуучлахыг оролдсоор байна” гэсэн байна.

Сирид ард иргэдийн байдал дахин эгзэгтэй болоод байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч бөгөөд  Онцгой байдлын үед тусламж үзүүлэх ажлыг зохицуулагч Стивен О'Брайен мөн онцлон тэмдэглэв.

Түүний мэдэгдсэнээр, Сирийн арми болон бусад хүчнийхний бүслэлтэд 590 мянган энгийн иргэд байгаа бөгөөд тэдний ихэнх нь наад захын хэрэгцээгээ хангах боломжгүй байна.

Сирийн хямралтай холбогдуулан АНУ болон ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчид бие биеэ буруушаасан байна.

Гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдүүлэхийн тулд нөлөөгөө ашиглан Ерөнхийлөгч Башар Аль-Асадад шахалт үзүүлэхийг ОХУ-д хандан АНУ уриалжээ.

Харин ОХУ мэдэгдэхдээ “Сирийн Засгийн газар террористуудтай тэмцэж байна” гээд “Сирийн хямралыг шийдвэрлэх үүргийг зөвхөн манай улсад хариуцуулахын оронд тус улсын байдлыг тогтворжуулахын тулд олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллах хэрэгтэй” гэжээ.

“Сирийг дэмжих олон улсын бүлэг”-ийг АНУ болон ОХУ хамтран даргалдаг юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ