Израилын парламент эвслийн Засгийн газарт итгэл үзүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-14 10:07:22

ЙЕРУСАЛИМ. /DW/. Израилын хууль тогтоогчид эвслийн Засгийн газарт ням гарагт итгэл үзүүлснээр тус улсын түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан буюу 12 жилийн турш тасралтгүй хашсан Биньямин Нетаньяху албан тушаалаасаа буулаа.


Тодруулбал, Израилын парламент болох Кнессетийн 120 гишүүн 60-59 саналын харьцаатайгаар олон нам эвслийн нэгдэл болсон шинэ Засгийн газарт итгэл хүлээлгэсэн байна. Санал хураалтын дараа "Ямина" намын дарга Нафтали Беннетт Ерөнхий сайдын тангараг өргөжээ.


Израилд хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа сонгууль явуулсны эцэст ийнхүү улс төрийн мухардмал байдлаас гарч, түүхэндээ байгаагүй хамгийн олон буюу найман нам эвслийн бүрэлдэхүүнтэй Засгийн газрыг байгуулж байна. Энэхүү бүрэлдэхүүнд Арабын нам анх удаа багтаж буйгаараа онцлогтой юм. 


Н.Беннетт Ерөнхий сайдын албыг хоёр жил хашсаныхаа дараа төвч үзэлт “Еш Атид” намын дарга Яир Лапидад албан тушаалаа шилжүүлэн өгнө. Мөн Кнессетийн даргаар “Еш Атид” намын гишүүн Мики Ливиг сонгосон байна. Ингэснээр тэрбээр Б.Нетаньяхугийн “Ликуд” намын гишүүн Ярив Левиний халааг авахаар болжээ. 

Холбоотой мэдээ