Нийслэлийн сургуулиудын гуравны нэг нь биеийн тамирын талбайгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-15 17:03:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн 148 сургуулиас 52 сургууль биеийн тамир, спортын талбайгүй, 78 талбайг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа байна.


Сүүлийн жилүүдэд сургуулийн биеийн тамир, спортын талбайг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй барилга барьж маргаан дагуулах болсныг шийдэх нь зөвхөн спорт хорооны хэрэг биш, дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагын анхаарах ажил гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.


Монголын хөл бөмбөгийн холбоо зургаан сургуулийн биеийн тамир, спортын талбайд олон улсын стандартад нийцсэн зүлэгжүүлэлт хийх санал гаргасныг тэрбээр дэмжинэ хэмээв.


Түүнчлэн газрын маргааныг шийдэж, нийтийн эзэмшилд буцаан олгох шийдвэр гарсан биеийн тамир, спортын талбайн кадастрын зургийг сургуулийн эзэмшлийн газарт нэгтгэж оруулах, сүүлийн жилүүдэд хэдэн сургуулийн талбайг бусдад шилжүүлсэн, одоогоор хэдэн талбайд маргаан үүсээд байгаа тухай, зарим зөрчлийг богино хугацаанд арилгах үүргийг өгчээ


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ийнхүү хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, НБГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцов

Холбоотой мэдээ