АНУ, ЕХ нисэх онгоцны татаастай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-06-16 17:25:30

БРЮССЕЛЬ. /NHK/. АНУ, Европын Холбоо /ЕХнисэх онгоцны үйлдвэрлэгчдийн татааснаас үүдэлтэй урт хугацааны худалдааны маргаанаа зогсоож, түүний оронд БНХАУ-д түлхүү анхаарал хандуулахаар тохиролцжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ЕХ-ны удирдагчидтай Брюссель хотноо мягмар гарагт уулзсан юм. Ийнхүү талууд харилцан ногдуулсан татварыг таван жилийн хугацаагаар цуцлахаар тохиролцсон байна.


Вашингтон ЕХ-нд төвтэй “Airbus” компанийг төрөөс хууль бус татаас авч байна хэмээн мэдэгдэж, Европын бараа бүтээгдэхүүнд 2019 оноос нэмэлт татвар ногдуулж эхэлсэн юм.


Үүний хариуд ЕХ АНУ-ын Засгийн газраас “Boeing” компанид үзүүлсэн дэмжлэгийг хуульд нийцэхгүй хэмээн үзэж, Америкийн бараа бүтээгдэхүүнийг чиглэсэн хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.


Мягмар гаргийн уулзалтаар Ж.Байден, ЕХ-ны удирдагчид мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Европын ган болон бусад бүтээгдэхүүнд татвар ногдуулахад хүргэсэн асуудлуудыг зохицуулах чиглэлд яриа хэлэлцээгээ эрчимжүүлэхээр тохиролцсон байна.


Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены хувьд, талууд шийдэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ, ЕХ-ны талууд БНХАУ болон тус улсын дотоодын компаниуддаа үзүүлж буй үлэмж дэмжлэгийн эсрэг нэгдсэн байр суурь баримтлах чиглэлд хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.                                  

Холбоотой мэдээ