Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 10:37:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахаар ашиглалтын шаардлагад нийцэхгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барьж байна.


Тодруулбал, НМХГ-ын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хоригложээ. Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр бий. Энэ дагуу төсөл хэрэгжүүлснээр 531 айлын 27 барилгыг буулган, 1556 айлын 13 орон сууцыг шинээр ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангажээ.


Тус ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болоод БХБ-ын сайдын 2016 оны тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлд үе шаттай зохион байгуулж байгаа юм.


Хот байгуулалт, хөгжлийн газар нь хот төлөвлөлт, байгуулалтын талаарх судалгаа хийн, тэдгээрт тулгуурлан, дэвшүүлж буй шийдлийг цувралаар хүргэж байна. Иргэд “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих” төслийн тухай мэдээллийг  Хот байгуулалт, хөгжлийн газрын бэлтгэдэг i-Up контентоор https://www.youtube.com/watch?v=4fmaHHx9A4U хүлээн авах боломжтой.

Холбоотой мэдээ