Хүүхдийн эрхийн улсын байцаагч нартай цахимаар уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-17 17:09:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын дарга Г.Батдорж тэргүүтэй тус газрын дарга, мэргэжилтнүүд 21 аймгийн ГБХЗХГ, 9 дүүргийн ГХЗХХ-ийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчид, удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

 

Хүүхдийн эрхийн байцаагч нар хийж, хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж байгаа асуудал, хүүхдийн эрхийн зөрчил, түүний хамгааллын нөхцөл байдлын талаар ярьсан юм.

 

Монгол Улсын хэмжээнд 44 Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэл хүлээн авах, шалгах, хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хангахад бусад байгууллагатай хамтран ажилладаг.

 

Хуралд Хүүхдийн эрхийн улсын байцаагч болон хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан газар хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм. Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшүүлсэн сургалтад хамрагдсан, тухайн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтэн байдаг. Улсын байцаагчийн эрх бүхий ажилтан нь хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангуулан ажиллах үүрэгтэй.

 

2021 он гарснаас хойш Хүүхдийн эрхийн байцаагчид анх удаа хуралдаж байна. Уг хурлыг цаашид улирал тутамд зохион байгуулж, ажлын явц, үр дүн, нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийн талаар нээлттэй ярилцаж, уялдаа холбоогоо улам бэхжүүлж ажиллах талаар хэлэлцлээ.

 

Нийслэлийн ГБХЗХГ-аас “Хамтарсан багаараа хамгаалъя” аяныг өрнүүлж, хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллагууд хамтран ажиллаж байна. Мөн хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлага мэдээллийн дагуу хүүхдийн эрх хамгааллын үйлчилгээ үзүүлж байгааг онцлов.

 

Аймгууд болон нийслэлд хүүхэд хамгааллын мэргэжлийн багууд кэйс шийдвэрлэлт, гомдол мэдээллийн хариу үйлчилгээг хэвийн явуулж байна гэж байцаагч нар хэлж байлаа.

 

Мөн энэ үеэр шийдвэрлэх шаардлагатай асуудал болон тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцжээ. Тухайлбал, хүүхдийн эрхийн зөрчлийн хяналт шалгалтын хуудсаа байцаагчид өөрсдөө боловсруулдаг. Үүнээс болж аймаг тус бүрт өөр өөр үнэлгээний хуудас гарах эрсдэлтэй учир үнэлгээ хийх аргачиллыг нарийвчлан гаргаж, хяналт, үнэлгээний нэгдсэн хуудастай болох шаардлагатай байгаа аж.

 

Нийслэлийн 9 дүүрэгт 7 улсын байцаагч ажилладаг бөгөөд 2 дүүрэг Хүүхдийн эрхийн улсын байцаагчгүй байна. 2019 онд Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтад хамрагдсан ч байцаагчийн эрхээ аваагүй байгаа мэргэжилтнүүд байцаагчийн эрх авах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

 

Тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл нь байр юм байна. Тухайлбал, Увс аймагт өөрийн гэсэн байр байхгүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна гэсэн бол Сонгинохайрхан дүүрэгт мөн өрөө хүрэлцээгүйгээс гэрч, хохирогчийг нэг өрөөнд мэдүүлэг авахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ нь мэдүүлэг өгөх үйл явцад нөлөөлөл орох магадлалтай байдаг учир тусгай өрөө хэрэгцээтэй байна гэлээ.

 

Жил гаруй хугацааны дараа хуралдаж асуудал, ажлын нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар туршлагаа хуваалцсан Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонссон удирдлагуудад талархал илэрхийлэн цаашид улам уялдаа холбоотой, нэгдэж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ