Хөдөө орон нутагт баяр наадмыг тэмдэглэх хүсэлт хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-18 17:30:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний спортын холбоод болох Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/, Монголын үндэсний харваачдын холбоо /МҮХХ/ өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газар, Улсын онцгой комисст Үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг хийх хүсэлт хүргүүлэв.

 

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн.

 

Харин уг хэвлэлийн бага хуралд оролцсон ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан: ”Энэ жилийн наадмыг цахимаар тэмдэглэж, аймаг сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасанд манай уяачид ихээхэн бухимдалтай байна. Хөдөө орон нутагтаа Баяр наадмаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад тэмдэглэх саналтай байна. Одоогоор 17 аймаг, 167 сумын уяачдын холбоо Засгийн газарт уг шийдвэрээ эргэн харж, "Аймаг, сумын баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулахыг зөвшөөрнө үү" гэсэн хүсэлттэй албан бичгээ хүргүүлсэн” гэлээ.

 

МҮХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Нямбаяр:“Улсын баяр наадмаа аймаг, сум нэгэн зэрэг хийх, эсвэл улсын баяр наадмаа тодорхой хугацаанд түр хойшлуулахыг хүсэж байна. Өнгөрсөн жил гэхэд л цар тахлын үед 5600 харваач харвасан. Энэ жилийн сур харвааг "Хүй долоон худаг"-т зохион байгуулахаар төлөвлөөд байгаа" гэв.


Мөн МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: “21 аймаг 333 суманд давхардсан тоогоор 23 мянган бөх байна. 100 жилийн ойгоороо аймаг, сум, улсын наадамд барилдахаар бүгд л бэлтгэлээ хийж байгаа. Хөдөө орон нутагт хүмүүсийн эрх ашгийг ор тас хүлээн зөвшөөрөлгүй хаяж байна. Дараагийн 100 жилийн ойн наадмыг бид үзэхгүй. Тиймээс хөдөө орон нутагт халдвар хамгааллын дэглэмээ баримтлан наадмыг хойшлуулаад, цар тахлын нөхцөл байдал тогтворжсон үед зохион байгуулаасай гэж хүсэж байна. 

Холбоотой мэдээ