Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-23 16:44:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тус салбарын нөхцөл байдлын талаар танилцуулав.


Хурлаар эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинэчлэх, шинээр барихтай холбоотой бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх өвөл шаардагдах сайжруулсан шахмал түлшний 725 мянган тн үндсэн түүхий эд /мидлинг/-ээс гадна барьцалдуулагч татаж авч нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэл ажилд тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. 


Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ


Мөн хурлаар агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЗТХ-ийн Л.Халтар нарт даалгав. Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар боллоо. Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:


- Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 70.6, репо санхүүжилттэй зээл 26.3, ипотекийн зээлийнх 41.4 хувьтай байна. 15,784 зээлдэгч 207 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл авчээ.


- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Комисс 16 хүртэлх насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Салбар комиссууд 2016-2020 онд давхардсан тоогоор 20,700 орчим хүүхдийг байнгын асаргаанд хамруулж, 5,331 хүүхдийг боловсролын, 9,064 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилжээ. 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,324 /0-16 насны 10,790/ хүүхэд байна.


-  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 


-  Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нь нэмэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг төвлөрсөн хяналт, удирдлагаар хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгав.


- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг “Нийгэм, эдийн засаг”, “Нийгмийн хамгаалал”, “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн үндсэн гурван хэсгээр гаргасан байна. Ирэх оноос эдгээртэй холбоотой шийдвэр гаргахдаа энэ загварыг ашиглаж байхыг сайд нарт даалгалаа. Дэлхийн улс орнууд ийм загвар ашигладаг бөгөөд энэ нь гаргасан шийдвэрийн үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерын загварчлалын дагуу тооцоолон бодох, турших, таамаглал дэвшүүлэх, бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломж олгодог байна.

Холбоотой мэдээ