46 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-25 10:50:59

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-ны өдрийн байдлаар Ховд аймагт шинээр 46 иргэнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдол нийт 618 боллоо.  

Тодруулбал, Мэргэжлийн байгууллагууд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 495 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүнд Булган суманд 21, Цэцэг суманд 10, Эрдэнэбүрэн суманд хоёр иргэнээс халдвар илэрчээ. Мөн аймгийн төв буюу Жаргалант суманд 12, Мөст суманд нэг иргэн халдвар авсан нь тогтоогдов.

Одоогоор Эрдэнэбүрэн сум болон Жаргалант сумын Баатархайрхан, Жаргалан баг гэсэн гурван цэгээс илэрсэн халдварын голомт тодорхойгүй байна. Иймээс мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийж байна. Бусад тохиолдол нь халдвартай иргэдийн ойрын хавьтал байгаа юм.

Аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 109 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс гурван иргэний биеийн байдал хүнд, найман иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Харин Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 36 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Жаргалант суманд 31 иргэн, Булган суманд 16 иргэн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 19 хүн эмнэлгээс гарсан ба халдвар авсан нийт иргэдээс 372 нь эдгэрчээ. 

Холбоотой мэдээ