Суурьшлын бүс дэх тарвагыг шилжүүлэн нутагшууллаа

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-06-25 10:50:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас зөвшөөрөл авсны дагуу НБОГ, ХААИС-ийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ хамтран Баруун салаа,  Өвөргүнт, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсэд айлын хашаанд ойр тархсан 9 бүлийн 53 бодгаль  тарвагыг шилжүүлэн нутагшууллаа.


ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, шинэ орчинд дасан зохицож байгаад мониторинг ажиглалтыг хийж байна.


Үүний өмнө 2017, 2020 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны суурьшлын бүсээс 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, байгаль хамгаалагчийн оролцоотойгоор тухайн газар нутагтаа дасан зохицож байгаа эсэхэд мониторинг судалгаа хийхэд өсөж үржсэн дүн гарсан байна.


Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотой монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, идэш тэжээл хайн хотруу орж ирэх, зэрлэг нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Иймд ЗӨСҮТ-ийн судалгааны дүнд “тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд их байгааг анхааруулж байгаа юм. 


Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан.



Холбоотой мэдээ