Шинэ нисэх онгоцны буудал агаарын шинэ замыг Монголд нээнэ

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-06-29 10:41:45

Монгол Улс нэгэн том бүтээн байгуулалтынхаа үүдийг дэлгэхэд бэлэн болж байна. Нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх тухай  хэд хэдэн удаа зарлаж, тэр болгондоо хойшлуулж байсан Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр анхны нислэгээ Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэхээр болоод байгаа юм. Нийслэл Улаанбаатар хотоос 50 гаруй километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсан энэхүү нисэх буудал нь Монголын шинэ үеийн зуун жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байна.


Япон улсын хөнгөлөлттэй зээлээр баригдсан энэхүү Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг Япон улстай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монголын тал 49 хувь, Японы тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интэрнэшнл Эйрпорт” компани  Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу шинэ нисэх буудлын менежментийн удирдлага хяналтыг хэрэгжүүлж ажиллах юм. Нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд олон улсын стандарт шаардлагад хүрсэн, аюулгүй байдлыг хангасан, тав тухтай үйлчилгээ үзүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтыг ашигтай байлгах, өгөөжийг нэмэгдүүлэх үүргийг хоёр улсын хамтарсан дээрх компани хариуцна.

 

Түүх эхэлсэн нь буюу шинэ буудал барих шаардлага хэзээнээс үүсэв?


Чухам юуны учир юу ч үгүй эзгүй хээр газар, хоосон талд энэ том ажлыг эхлүүлэх болсон бэ гэдэг шалтгааны эх үндэс олон. Нэгдүгээрт, одоогийн ашиглаж байгаа Буянт-Ухаа дахь нисэх буудал хоёр дахин илүү хүчээр, өндөр ачаалалтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн онгоцны хөөрч буух зурвас найдвартай байх ёстой гэсэн гол үндсэн шалгуур байдаг ч Буянт-Ухаа буудлын хувьд нисэх буух зурвас зөвхөн нэг талдаа учир цаг агаарын өөрчлөлт бэрхшээлтэй үед онгоц саатах шалтгаан болдог байна. Мөн эргэн тойрон уул байдаг, хөөрч буух зурвасын налуу байх ёстой хэмжээнээс өндөр учир нисгэгчээс маш өндөр ур чадвар шаарддаг хүндхэн зэргийн нисэх онгоцны буудал гэж тооцогддог. Эдгээрээс шалтгаалан авиа компаниуд агаар салхины нөхцөл байдлыг ихээхэн анхаарч болгоомжлох, зарим үед нислэгээс татгалзах тохиолдол ч гардаг.


Энэ мэт үндэслэлээр Улаанбаатар хотод нисэх онгоцны буудлыг шинээр барьж байгуулах тухай асуудал анх 1992 оноос яригдаж эхэлсэн байдаг. Нэг ёсондоо шинэ, илүү их хүчин чадалтай, ачаалал даах томоохон хэмжээний нисэх буудлын хэрэгцээ шаардлага одоогоос 30 жилийн өмнө ч байсан гэсэн үг.


Монгол Улс бол жилээс жилд эдийн засгийн боломж, нөөц бололцоо өсөн нэмэгдэж буй улс. Энэ хэрээр тээвэр логистикийн салбараа хөгжүүлж шинэ түвшинд хүргэх, ази европыг холбосон ашигтай байршил, давуу талаа ашиглах, мөн харьцангуй өндөр үнэтэй нислэгийн зардлыг бууруулах гэх мэт шаардлагууд олон жилийн өмнө байсан. Ерөөс өнөөдрийн ашиглаж байгаа нисэх буудлыг аюулгүй байдал талаасаа ч, техникийн нөхцөл байдлын хувьд ч ирээдүйн илүү өндөр үр өгөөж, хөгжил, эдийн засгийн ашиг зэргийг нь бодсон ч зайлшгүй өөрчлөн шинэчлэх ёстой байсан юм. Шинэ нисэх буудал барьж байгуулснаар энэ бүх шалтгаан үгүй болж авиа компаниудын ирэх сонирхол нэмэгдэх, өрсөлдөөний үр дүнд тийзний үнэ буурах, бусад зардлууд багасах гэх мэт олон талын ашигтайг олон жилийн өмнө тооцоолж байсан байна.


Нисэх буудлын зөвхөн цаг уурын судалгааг л гэхэд 10 жилийн туршид хийсэн байдаг. Бусад олон төрлийн маш нарийн судалгааг удаан хугацааны туршид хийсний үндсэн дээр өнөөдрийн нисэх буудлын газар нутгийг хамгийн боломжит, ирээдүйтэй байршил гэж үзэн 2001 онд эцсийн хувилбараар сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагаанд бүрэн тохирох, барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хялбар нааштай байх газар нутагт одоогийн байршил шалгарсан гэсэн үг. Тухайн үеийн Иргэний нисэхийн газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ханада  болон бусад холбогдох газруудын төлөөллүүд ярилцаж тохиролцон судалгаагаа эхлүүлж, хоёр улс энэ төслийг хамтран хэрэгжүүлэх эхний алхам тавигдаж байжээ. Жирийн инженер техникийн ажилтнаас эхлээд Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд гээд маш олон хүний хүчин чармайлт, оролцоогоор энэ ажлын эхлэл тавигдсан байдаг.

 

Анхны төлөвлөгөөг өөрчилж илүү том төсөл болгосны ач


Анхны төлөвлөснөөр бол 250 орчим сая ам.долларт барьж байгуулах байсан Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын өртөг 650 саяд хүрсэн юм. Хэдийгээр 2006 оноос хойших валютын ханшийн өөрчлөлт нөлөөлсөн тал бий ч хамгийн гол нь алс хэтдээ удаан хугацаанд өндөр үр ашигтай байсаар байх хэмжээний хүчин чадал сайтай томоохон буудлыг барьж байгуулах нь энэ төсөлд оролцсон бүх талын хүсэл сонирхол байсан юм. Мөн тээвэр логистикийн чанар, аялал жуулчлалын үйлчилгээний нөхцөл чадамжид тавигдах шаардлага жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа явдал ч эхний төлөвлөснөөс илүү том хэмжээний нисэх буудал байгуулах сэдэл өгсөн хэрэг.


Тийм ч учраас анхны төслийн төлөвлөгөөнд 20 орчим гэж тооцоолсон барилгын тоо 80 болж өргөжин төсөл томорсон байдаг. Анх төлөвлөсөн хөрөнгө санхүүгийн хэмжээ цаашид илүү олон жил ашиглах нисэх буудал барихад хүрэлцэхгүй гэж үзэж хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийх үүднээс төсөл дундаа зогсох зэрэг асуудал гарч байсныг төслийн багийнхан ярьдаг. Одоогийн барьж байгуулсан нисэх буудлыг босгох хөрөнгийг нэмж шийдэхэд харилцааны болон бусад  хүчин чармайлт ихээхэн шаардагджээ.


Шинэ нисэх буудал цахилгаан эрчим хүчээ Сонгино болон Налайхын дэд станцаас нийлүүлэх бөгөөд дэргэдээ дулааны станцтай. Анхны зураг төсөл дээр тусгагдсан байснаас хэд дахин ашигтай хувилбарын нэг нь дэргэдээ 42 мВт хүчин чадалтай дулааны станц байгуулсан явдал. Энэ нь нэг аймгийн төвийг дулаанаар хангах чадалтай. Хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий энэ станцыг монголчууд өөрсдийн гараар барьж байгуулсан. Энэ мэтээр ердийн нэг жижгэвтэр нисэх буудлын төслийг бүхэл бүтэн улсын цаашдын ирээдүйд нөлөө үзүүлэх маш том бүтээн байгуулалт болгон хувиргахад Монголын талын чадварлаг удирдлага, мэргэжилтнүүд, ухаалаг бизнесийнхэн хувь нэмрээ оруулсан.


Энэ бол өдөрт олон улсын болон орон нутгийн нислэгийн 139 агаарын хөлөг, 12 мянга орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай, жилдээ 3 сая хүртэлх зорчигч хүлээж авах, цааш ирээдүйд энэ тоо 10 сая хүрэх боломжтой буудал юм. Дэлхийд дээгүүр орох технологиор бүтээсэн шатахуун хадгалах, хөлөг онгоцыг богино хугацаанд шатахуунаар цэнэглэх чадамжтай томоохон байгууламжтай. Өндөр хүчин чадлаар богино хугацаанд онгоцыг шатахуунаар цэнэглэх нь нисэх буудлын чанартай үйлчилгээний нэг гол хэсэг нь гэж үздэг. Үүнийг дагаж холболтын нислэгүүд цаашид нэмэгдэх боломж нээгдэнэ. Ингэснээр тийзний үнэ ч буурахад нөлөөлнө. Мөн олон чиглэлд нисэх сонголттой болно. Энэ чиглэлийн зах зээл томорч өрсөлдөөн нэмэгдэнэ, үүнийг дагаж илүү чанартай өндөр үйлчилгээ, хямд үнэ бий болох боломжтой юм. Зорчигч тээврийн тоо хэмжээ нэмэгдэх тусам манайд ирэх өгөөж нь их,  өндөр үнээр авдаг шатахууны үнэ өрсөлдөөний зарчмаар буурах болно гэж тооцоолж буй. Энэ бол уг төслийн хэтийг харж төлөвлөсөн зүйлсийн ердөө нэг хэсэг нь. 

 

Хоосон талд бий болсон их бүтээн байгуулалт


Эзгүй талд 50 километрийн алсаас тог цахилгаанаа татаж, яг доороосоо усаа гарган, томоохон хүчин чадал бүхий энэ хэмжээний том Олон улсын нисэх онгоцны буудал барьж байгуулсан тохиолдол дэлхийд одоогоор цөөн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа.


Төслийн үндсэн бүтээн байгуулалтын ажил 2013-2017 оны хооронд ердөө 1290 хоног буюу 3 жил 6 сарын хугацаанд хийгдсэн байдаг. Том бүтээн байгуулалт, барилгын ажлыг богино хугацаанд хийж амжуулахад 10 мянга гаруй ажилчин, гадаад дотоодын 180 гаруй компани оролцсон. Монгол орны эрс тэс уур амьсгалтай цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд, хоосон эзгүй газар энэ хэмжээний томоохон нисэх буудлыг барьж байгуулах амар байгаагүйг төсөл гүйцэтгэгч компаниуд хэлдэг. Хасах нэмэх 40 хэмийн хүйтэнд барилга барьж байсан туршлага байхгүйн улмаас тендерт оролцож шалгарсан компани нь татгалзах тохиолдол хүртэл гарч байж.


Нэг бүр нь 2 мянган шоо метр шатахуун хадгалах дөрвөн савтай бөгөөд агаарын гурван хөлгийг нэгэн зэрэг шатахуунаар цэнэглэх боломжтой.  Мөн олон улсын нислэгийн 5, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой, 21 агаарын хөлгийн зогсоолтой, нислэгийн зурвас олон улсын шаардлага стандартыг бүрэн хангасан, нисэх буудлын зурвас ашиглалт 98 хувьд хүрчээ. Харин Буянт-Ухаа дахь нисэх буудлын зурвас ашиглалт 73 хувь байдаг байна. Агаарын хөлөг хоёр талаас хөөрч буух бүрэн боломжтой шинэ буудалд агаарын тээвэрлэлтийн дамжин өнгөрөлт ирээдүйд олон байх боломж бий юм. Агаарын шугамууд шинээр нээгдэж Монгол Улсын агаарын зам дэлхийд нээлттэй болох, зорчигч аялагчдын урсгал, ачаа эргэлтийн тоо нэмэгдэх, эдийн засгийн асар их үр өгөөжийг шинэ нисэх буудал өгөх юм.


Стандартын маш өндөр шаардлага дор, гэрээнд тусгагдсан бүхий л нарийн хэмжүүрт нэг бүрчлэн нийцүүлэн барьж байгуулсан энэ нисэх буудлын үр өгөөжийг ирээдүйд өндөр байлгахад одоо Монгол талын хүчин чармайлт ихээхэн чухал юм.


15 жил үргэлжилсэн учир шалтгаан


Олон Улсын нисэх онгоцны буудлын нээлтийг хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн тавдугаар сард төлөвлөж байсан юм. Хэд хэдэн удаа нээлт хийж, нислэг үйлдэх тухай зарлаж байсан ч сүүлийн хоёр жилийнх нь хувьд ковидын нөхцөл байдал, хилийн хязгаарлалт зэргээс шалтгаалж хойшлуулахад хүрч байлаа.


Шинэ, олон улсын стандартад нийцсэн, бүх талаасаа Монгол Улсын дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн ирээдүйд асар их үүрэг гүйцэтгэх Олон улсын нисэх онгоцны буудал барьж байгуулахад тийм ч амар байсангүй. Юуны түрүүнд санхүүгийн эх үүсвэрийг олох асуудал маш чухал байсан бөгөөд Япон улсаас 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг авч төсөл хэрэгжүүлэх ажлыг хоёр улсын төлөөлөл 2006-2007 онд амжилттай зохион байгуулж чадсан. Монгол Улсын Засгийн Газраас тавьсан саналыг Японы Засгийн Газар хүлээн авснаар зээлийн хэлэлцээр батлагдаж байсан юм.


Зураг төсөл бэлэн болсны дараа 2008-2013 оны хугацаанд бүтээн байгуулалтад оролцох гүйцэтгэгч талуудыг гурван удаагийн тендер зарлаж байж сонгон шалгаруулсан. Юу ч үгүй хоосон газарт тэгээс эхэлсэн төслийн үргэлжилсэн хугацаа нь урт мэт боловч гол барилга бүтээн байгуулалт нь ердөө 2013-2017 оны хооронд гурван жил хагаст л үргэлжилсэн байдаг.

    Хэдийгээр он удаан жилийн хүлээлт үүсгэсэн ч төсөл хэрэгжүүлэх нэгжийг томилох, төслийн ерөнхий зөвлөх компанийг сонгох, үндсэн зураг төслийг боловсруулах, ерөнхий гүйцэтгэгчийг сонгох гэх мэт бэлтгэл маш олон ажилд таван жил  зарцуулсны эцэст 2013 оны зургаадугаар сард их бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн юм. Төдийгөөс өдий хүртэлх арав гаруй жилийн хугацааны дийлэнх нь тендер зарлах, барилга байгууламжийг хүлээж авах, санхүүгийн асуудлыг шийдэх, явцын дунд хөрөнгө оруулалтын хэмжээг дахин нэмэх шаардлагатай болсон гэх мэтэд зарцуулагдсан гэж тооцож болно.

 

Шинэ нисэх-шинэ хот-шинэ боломж  


    Олон жилийн өмнөөс яригдсан ч биеллээ олж чадаагүй дагуул хотыг байгуулах, хөгжүүлэх төлөвлөгөө шинэ нисэх буудлын ачаар сая бүтэмжтэй болох юм. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах төлөвлөгөөнд энэхүү Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн босох цоо шинэ хот маш том үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Энэ хотыг дагаад бүх төрлийн бизнес хөгжинө. Хөшигийн хөндий дэх хотыг эхний ээлжинд 50 мянга орчим хүн амтай байна гэж тооцож байгаа ч яваандаа 100 орчим мянган хүн амтай болох ирээдүйтэй. Шинэ хотод зориулсан судалгаа тооцоо гарч, томоохон төслүүдийн эхлэл ч хэдийнэ тавигдсан байна.


Эхний ээлжинд нисэх буудалд үйл ажиллагаа явуулах байгууллагууд, агаарын тээвэрлэгчид, Иргэний нисэхийн харьяа байгууллагуудын 2500 орчим хүн энд ажиллана. Нэгэнт үйл ажиллагаагаа эхэлсэн тохиолдолд нисэх буудлыг түшиглэн бий болох цоо шинэ хот богино хугацаанд Хөшигийн хөндийд бий болох боломжтой юм. Хүүхдийн сургууль цэцэрлэг, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, эмнэлэг, спорт цогцолбор гэх мэтийг барьж байгуулахаас эхлээд чөлөөт бүс хот болгоход 20 жил шаардлагатай гэж тооцоолоод байгаа.


Энэхүү шинэ нисэх буудал, шинэ сууринг дагасан олон шинэ үйлчилгээ, үйлдвэрлэл бий болж, бизнесийн олон боломжууд нээгдэн богино хугацаанд “Аэросити” хот хүрээгээ тэлэх нь дамжиггүй. Угаас нийслэлийн хэт төвлөрлөөс зайлсхийх боломж хайж байгаа олон нийтийн хувьд энэ бол хүлээж байсан боломж юм. Улаанбаатар, нисэх буудлыг холбосон 32 километр тусгаарлах зурвас бүхий 6 эгнээгээр зорчих Монголын анхны хурдны зам ашиглалтад орсон, мөн эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээг дөрвөн чиглэлд явуулахаар болсон.


Зөвхөн аялал жуулчлал, тээвэр логистикийн төдийгүй бусад олон салбарт хувь нэмрээ үзүүлэх бүтээн байгуулалт бол яах аргагүй энэхүү Хөшигийн хөндий дэх шинэ Олон Улсын нисэх онгоцны буудал билээ. Алсдаа бүс нутгийн хэмжээний том зангилаа буудал болох зорилго агуулсан энэ зууны томоохон төслийн үе шат болгонд Монголын шилдэг инженерүүд, шилдэг менежерүүд хүч шавхан оролцсон юм. Маш өндөр өртөгтэйгөөр, асар их хөдөлмөр зүтгэлээр боссон энэ бүтээн байгуулалтын үр өгөөжийг сайжруулах, эдийн засгийн эргэлт хөгжүүлэлтийг нь үр дүнтэйгээр түргэсгэх шаардлагатай юм. Мөн нисэх буудлын үйл ажиллагааг ухаалаг удирдлагаар ашигт хүргэж зээлийг цаг хугацаанд нь буцаан төлөх үүрэг хариуцлага монголчуудад үлдэж байна.

Манай улсын хувьд төв рүүгээ чиглэсэн хөгжлийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд нийслэл хотын ачаалал эрс нэмэгдсэн учир тэлж хөгжих бодлого, дагуул хотуудыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөндөө түлхүү анхаарч байгаа билээ. Энэ талаасаа ч, мөн агаарын тээврийн салбараа олон улсын хэмжээнд хүргэж хөгжүүлэх алсын зорилго талаасаа ч ирээдүйн үр өгөөжийг нь нарийн тооцоолсон, олон жилийн судалгаан дээр үндэслэсэн том төсөл болж чадсан юм.

Ташрамд дурдахад, манай улсын агаарын тээврийн салбарын хувьд 2019 онд 1,6 сая зорчигч тээвэрлэсэн бол 2020 онд ковидын нөлөөгөөр энэ тоо 440 мянга болтлоо буурсан байна. Тэдний дийлэнх нь уул уурхайн салбарынхан буюу дотоодын нислэгээр үйлчлүүлэгчид байжээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ