Б.ЭРДЭНЭБАЯР: БҮЖГЭЭС МИНЬ МОНГОЛ ХАРАГДДАГ БАЙГААСАЙ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-06-29 20:29:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

***

Монголчууд бүжгийн урлагийн эртний уламжлалтай. Түүнчлэн үндэстэн бүрийн аж төрөхүй, сэтгэлгээний онцлогийг харуулсан бүжгийн олон төрөл бий. Тэдгээрээс бий биелгээ, цацал, хатрих, цаатан, тойрон бүжих зэрэг хэлбэрүүд нь өдгөөг хүртэл уламжлагдан ирсэн билээ. Эдгээр нь Монголын орчин үеийн бүжгийн хэв загвараа олж төлөвших гол цөм нь болсон байдаг. Харин аливаа үндэстний ёс заншил, хөдөлгөөний цогц хэмнэлийг хадгалсан бүжгийн төрлийг “этник” хэмээн нэрийднэ. Уг бүжиг нь тухайн нэг үндэстний ахуй, сэтгэлгээний онцлог, уламжлалт соёлыг бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг. Мөн балет, жазз, орчин үе, сонгодог, түүхэн бүжгийн элементүүдтэй уусган нэгтгэж болдог бөгөөд үндэсний онцлогоо үргэлж хадгалж байдгаараа онцлогтой.  


Тэгвэл Солонгосын Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг 17 дахь удаагийн Олон улсын бүжгийн наадамд “Үндэсний урлагийн их театр”-ын бүжигчин Б.Эрдэнэбаяр оролцож “этник” төрөлд тэргүүн байр эзэлж цомын эзэн болжээ. Тус тэмцээн нь Солонгосын Боловсролын сайдын нэрэмжит болон зохиогддог бөгөөд энэ удаад дотоодын 720, гадаадын 13 орны 282 бүжигчин оролцжээ. 


Басхүү БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан "2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix” олон улсын бүжгийн тэмцээнд 10 гаруй орны 120 бүжигчин бичлэгээ явуулж өрсөлдсөн байна. Харин Б.Эрдэнэбаяр гадаад орны оролцогчдоос ганцаараа хагас шигшээд шалгаран амжилттай оролцож мөн "этник" төрөлд дэд байрт орсон юм. 


Мөн "17th Busan international dance festival 2021" хүрээнд зохион байгуулсан “BIDF видео бичлэгийн уралдаан”-д тэргүүн байрыг эзэлснээр ийнхүү гурван том шагналыг эх орондоо авчирчээ.




Тэрбээр 2009-2014 онд “Монгол Улсын консерватори”-ийг ардын бүжигчин мэргэжлээр төгсчээ. Тиймдээ ч өдгөө хүртэл үндэсний онцлогт суурилсан “этник” бүжгийн төрлөөр тууштай хичээллэсээр ирсэн юм. Тийнхүү дөрвөн жилийн дараа буюу 2018 онд “UBS” телевизээс санаачлан зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоуны дэд байрыг хүртэж, БНСУ-ын Урлагийн их сургуульд суралцах эрхээр шагнуулсан нь өнөөдрийн амжилтанд хүрэх том түлхэц болж өгөв. Ингээд 2019 онд Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулсан олон улсын гоцлол бүжигчдийн 16 дахь уралдаанд ардын бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилтыг гаргаж байжээ.


Б.Эрдэнэбаяр “Анх Сөүлийн бүжгийн их наадамд Украин ардын бүжгийн үзүүлбэрээ дуусгачихаад тайзан дээр ёсолж байхад уралдаанд оролцсон олон улсын бүжигчид нэгэн зэрэг босч алга нижигнүүлэн ташиж байсан. Тэд надад баяр хүргэж, басхүү их гайхаж байлаа. Учир нь Монголд бүжгийн урлаг ийм сайн хөгжсөн гэж бодоогүй байсан. Мөн уралдааныг шүүж байсан Украин шүүгч өөрөө ирж баяр хүргээд нутагтаа зочлохыг санал болгосон” хэмээн дурсав. Тайзан дээр хөдөлгөөн бүрийг урлаж, хэдхэн минутын дотор бусдын сэтгэл зүрхэнд хүргэж чадна гэдэг бүжгийн урлагийн онцлог биз ээ.




Түүнийг арван жилээ төгсдөг жил аав нь тухайн үеийн “Хөгжим бүжгийн коллеж” элсэлт авч буйг дуулаад хүүгээ шалгаруулалтанд орохыг ятгасан байна. Ийнхүү Б.Эрдэнэбаяр ээжийнхээ хамт “Хөгжим бүжгийн коллеж”-ийг зорьж очсоноор бүжигчин болж, цаашид тэмүүлэх олон хүсэл зорилгынхоо эхнийхийг биелүүлсэн юм. Энэ тухайд тэрээр “Би тухайн үед их холоос сургуульдаа явдаг байсан. Тиймдээ хамгийн эрт сургууль дээр ирж бэлтгэлээ хийгээд хамгийн орой харьдаг байлаа. Хүн тайзан дээр гурав, дөрөвхөн минут л бүжиглэнэ. Харин үүний тулд гурваас дөрвөн сарын хугацаанд бэлтгэл хийдэг. Ядрах, өлсөх, тамирдах үе олон. Харин тэр болгонд юуны тулд энэ мэргэжлийг сонгож авснаа, цаашид ардын бүжгийг хэрхэн хөгжүүлэх талаар байнга боддог байлаа. Ийнхүү нэг л мэдэхэд ядарч буйгаа ч үл мэдэн буцаад л бэлтгэлээ хийдэг байсан. Өнөөдөр тэр олон өдөр хоногийн турш таслалгүй хийж ирсэн бэлтгэлийнхээ үр шимийг хүртэж сууна. Сайхан байна” хэмээсэн юм.  


***




Энэ удаад мөн л Украин ардын бүжгээр олон улсын наадмын цомыг өргөсөн юм. “Үндэстний бүжиг болгон өөрсдийн гэсэн давтагдашгүй хэв шинж, хөдөлгөөнтэй байдаг. Монгол бүжгийн үндсэн элементүүдийг алдагдуулалгүйгээр орчин үеийн хэв шинж, аялгуунд дэглэж болдог бөгөөд түүнийг бид “этник” гэж нэрлээд байгаа юм. Миний хувьд сууриа монгол бүжгээр тавьсан. Харин уг наадамд оролцсон Украин бүжгийг СТА А.Батхүү багш маань дэглэсэн юм. “Уулын залуу” гэдэг нэртэй уг бүжиг нь хүн байгалийн уялдаа холбоог илүүтэйгээр харуулахаас гадна, монгол хүний язгуур чанар, шүтлэгийн онцлогийг ч давхар тусгасан өгүүлэмжтэй” гэж Б.Эрдэнэбаяр ярив.  


Яг одоо тэр дараагийн тэмцээндээ бэлтгэж буй. Учир нь БНХАУ-ын Шанхайн бүжгийн тэмцээнд этник төрөлд оролцохоор болсон билээ. Харин энэ удаад монгол ардын бүжиг, тэр дунд бий биелгээгээр оролцохоор төлөвлөсөн байна. Биелгээ бол монголчуудын аж амьдралаас үүсэн бий болсон үндэсний бүжгийн нэг төрөл зүйл. Жишээ нь, цайны дээж өргөх, дээл хувцас оёх, нум сум харвах, морины явдлыг үзүүлэх зэргээр монголчууд биелж иржээ. Тиймээс ч монгол хүний сэтгэл хөдлөлийг давхар илтгэж байдаг бий биелгээ нь этник бүжгийн нэгэн том цөм болж өгдөг.




Харин Б.Эрдэнэбаяр “Олон улсын тайзан дээр гарч бүжиглэхэд хөдөлгөөн бүрээ урлаж, үзэгчдэд хэрхэн ойлгомжтой хүргэх тухай их боддог. Харин эх орныхоо тайзан дээр өөртөө итгэлтэй байж чаддаг. Ер нь бүжгээс минь монгол орны уул, ус байгалийн сайхан нь, хүн зоны өв соёл нь бүхлээрээ харагддаг байгаасай гэж хүсдэг. Цаашдаа дэлхийд монгол ардын бүжгийг илүүтэй танин мэдүүлэхийг хичээх болно” гэв.


Морин хуурын хоёр утсанд урсгал усны чимээ, салхины сэвшээ дуулдан аялгуу эгшиглэхэд бүжигчин хүнийн уян налархай бие, үелзэн долгиотох давалгаа мэт хөдөлгөөн нь уусан нэгдэх агшин бол монгол бүжгийн урлаг билээ. Тиймдээ ч Б.Эрдэнэбаярын бие нь хөдөлж, тайзан дээр бүжиж байхад дотоод сэтгэл нь аялгуулан дуулж байдаг болов уу гэх бодол төрж билээ.


Гэрэл зургийг | Б.Чадраабал 

Холбоотой мэдээ