“Best” хөтөлбөр 16.3 тэрбум төгрөгийн 80 гаруй зээлийн зуучлал үзүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-07 21:19:37

Ховд /МОНЦАМЭ/. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх “Best” хөтөлбөр таван жилийн хугацаанд найман аймагт хэрэгжиж байгаа.

Үүнээс онцлоход, Ховд аймагт “Best” хөтөлбөр хэрэгжээд 1.5 жил болж байна. 

Энэ хугацаанд давхардсан тоогоор орон нутгийн 500 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч нарыг тус хөтөлбөрт хамруулж, 71 удаагийн уулзалт, сургалт зохион байгуулжээ.  

Улмаар нийт 16.3 тэрбум төгрөгийн 80 гаруй зээлийн зуучлал үзүүлснээс 6.4 тэрбум төгрөгийн 53 зээлийг батлуулан ажиллаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.    

“Best” хөтөлбөрийн хамт олны зүгээс орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт авахад нь туслах, бизнесийн төсөл төлөвлөгөөг боловсруулахад зөвлөгөө өгөх, компанийн засаглалыг сайжруулах, хариуцлага, ил тод байдал, чадавхыг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгуулдаг.

Мөн орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чөлөөт уулзалтад урьж, банкнаас зээл олгоход тавигддаг шаардлагыг танилцуулах, харилцагчдыг хүссэн санхүүжилтээ шийдүүлэх боломжоор хангах чиглэлд банк, бизнес эрхлэгч хоёрын дунд гүүр болж ажиллаж байгаа юм.  

Холбоотой мэдээ