Эцэслэн тогтоогоогүй асуудлаар ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2016-06-27 18:40:01

ЦЕГ-аас УИХ болон орон нутгийн сонгуульд оролцож буй нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагын эцэслэн тогтоогоогүй, шалгаж буй асуудлаар олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулав.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад 1051 гомдол ирсэн бөгөөд үүнээс шүүхэд 159 гомдлыг шилжүүлжээ. Мөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 36, зөрчил гэдэг нь тогтоогдоогүй 106, газар дээр нь шийдвэрлэсэн 11, бусад 453 гомдлыг шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас сонгуульд өрсөлдөж буй иргэдээс ирүүлсэн гомдлыг тухай бүрд нь шалгаж, шийдвэрлэж байгаа гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэв.

Тэрбээр, “Хуваарь ёсоор өнөөдөр 00.00 цагт сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаана. Ингэснээр хуулиар хүлээсэн үүргийн дагуу цагдаагийн байгууллага сонгуулийн байр, саналын хуудас, санал тоолох машиныг хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах юм. ЦЕГ-ын даргын тушаалаар нийт бие бүрэлдэхүүн өнөөдрөөс бэлэн байдалд шилжсэн бөгөөд сонгуулийн үеэр гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд анхааран ажиллаж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ