Сөүлийн бүсэд хатуу хязгаарлалт тогтоох хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-23 12:16:47

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын бүсэд “COVID-19” халдварын шинэ тохиолдол олноор нэмэгдсээр байгаатай холбогдуулан хатуу хязгаарлалт тогтоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгалаа гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээлэв.


Сөүл болон тус хоттой зэргэлдээ оршдог Гёнги муж, эргийн Инчеон хотод халдвараас сэргийлэх хязгаарлалтын хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний арга хэмжээнүүдийг энэ сарын 12-ноос хойш тогтоогоод буй бөгөөд ийнхүү наймдугаар сарын 8 хүртэл мөрдөх шаардлагатай болж байна.


Ингэснээр оройн 18 цагаас хойш хоёроос дээш хүн нэг дор цуглахыг хориглоно. Мөн жагсаал цуглааныг хориглох хэдий ч Засгийн газар нэг хүний жагсаал хийхийг зөвшөөрөх ажээ. Хурим, оршуулгын ёслолын хувьд зөвхөн хамаатан саднаа урих боломжтой. Харин шөнийн клуб гэх мэт зугаа цэнгэлийн газрууд үйл ажиллагаагаа зогсоох бол зоогийн газрууд 22 цаг хүртэл ажиллана.


Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Жён Хэ Челийн мэдээлснээр, нийслэл хотын бүсэд халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэн хэвээр байгаа тул энэхүү шийдвэрийг гаргажээ. Тус бүсэд нийт шинэ тохиолдлын 70 орчим хувь нь илэрч байгаа юм.


Энэ долоо хоногт өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын дундаж үзүүлэлт 990-д хүрсэн нь хатуу хязгаарлалт тогтоохоос өмнөх буюу долоодугаар сарын эхний долоо хоногийнхоос /799/ эрс нэмэгдсэн үзүүлэлт болохыг тэрбээр холбогдох албаны уулзалтын үеэр онцлон хэлжээ.


Мөн нутгийн бусад бүс нутгаар халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь хязгаарлалтын бага түвшнийг тогтоосон бүсүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөн их байгаатай холбоотой байна. БНСУ одоо цар тахлын шинэ давлагаатай тэмцэж буй юм.


Улсын хэмжээнд пүрэв гарагт халдварын 1800 гаруй тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдлын тоо 1630-аар нэмэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо 185 733-т хүрсэн байна. 

Холбоотой мэдээ