Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 38.6 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-26 09:40:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (38.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 (41.5 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 652.2 (42.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 72.9 (11.5 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 9.1 (13.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.


Харин аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн зургаадугаар сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 14.6 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 38.7 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөллөө.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл дээрх хугацаанд нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 53.8 (5.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд газрын тос олборлолт 57.4 (3.4 дахин) тэрбум, металлын хүдэр олборлолт 87.7 (12.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр алт, зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, чулуун нүүрс, хайлуур жонш, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиас  2.4 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, 99 хувь, гурил, шохой, самнасан ноолуур, согтууруулах ундаа, цемент, шингэн сүү, метал бэлдэц, нүүрсэн шахмал түлш, малын мах, янжуур тамхи, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.6 хувиас 3 дахин нэмэгдлээ.


Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, гар ариутгагч, спирт, амны хаалт, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4-76.6 хувиар багасав.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 12 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 (60.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 3.9 (84.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.9 (84.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 2.5 (74.9 хувь) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт нэг (2.1 дахин) их наяд, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 351.8 (4.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.


Нийт борлуулсан бүтээгдэхүүний 7.8 их наяд төгрөг буюу 64.8 хувийг гадаад зах зээлд борлуулсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.


Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 7 их наяд төгрөг буюу 90.7 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 66.9 хувийг металлын хүдэр олборлолтын, 24.9 хувийг нүүрс олборлолтын, 6.3 хувийг газрын тос олборлолтын, 1.9 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2021 оны эхний хагас жилд 138 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.5 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ