Олон улсын туулийн наадмаас Өмнөговьчууд шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-26 14:27:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Олон улсын туулийн наадмаас Өмнөговьчууд шагналт байруудад шалгарсан амжилтыг гаргаад байна.
ОХУ-ын ЮНЕСКО-гийн комиссын ивээл дор "Олонхо нутгийн дуудлагаар" нэртэй олон улсын туульчдын III, онлайн наадам боллоо. Энэхүү олон улсын туулийн наадамд Өмнөговь аймгийн туульч, МУГЖ Ө.Батжаргал говь нутгийн тууль "Шилэн галзуу баатар", Б.Мягмарсүрэн "Ширмэн мөндөр баатар" туулиар ганцаарчилсан төрөлд оролцсон бөгөөд туульч Б.Мягмарсүрэн шагналын эзэн болжээ. Мөн МУГЖ Ө.Батжаргал ахлагчтай "Алтан өв" хамтлаг тус наадмын хамтлагийн төрөлд "Агуйн Улаан хаан" туулиар амжилттай оролцон шагнал хүртлээ. БСУГазрын соёл урлаг хариуцсан мэргэжилтэн Б.Сайнгэрэл "Бид бүхнийг энэхүү том наадамд оролцоход дэмжиж тусалсан ШУА-ийн ХЗХүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтcийн дарга Ц.Бадамцэрэн, мэргэжилтэн Д.Баярмаа, БСУГазрын дарга Б.Батболд нарт талархаж буйгаа илэрхийлье. Миний бие говь нутгийн туульсаар докторын зэрэг хамгаалж байгаа юм. Өмнөговь аймгийг туульс байхгүй гэж хэлдэг хэдий ч миний судалснаар олон туульс байдгийг олж сэргээж байна. Үүнийхээ зэрэгцээ олон улсын чанартай тэмцээнд оролцож шагналт байрт шалгарсандаа туйлаас баяртай байна" гэлээ.
Уг наадамд ОХУ-ын 10 бүс нутаг, гадаадын улсууд оролцсон аж. Үүнд Монгол Улс, Киргиз Улс, ОХУ-ын Буриад Улс, Алтай Улс, Хакас Улс, Халимаг Улс, Тува Улс, Башкортостан Улс болон Өвөр Байгалийн Нутаг дэвсгэр, Саха ( Якут) оржээ.
Холбоотой мэдээ