Беларусийн тамирчинд Польшийн виз олгожээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-08-03 09:32:33

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын наадмыг орхин эх орон руугаа буцах албан шаардлагыг биелүүлэхээс татгалзсан Беларусийн гүйлтийн тамирчинд Польшийн хүмүүнлэгийн виз олгожээ.


Өдгөө 24 настай Кристина Тимановская Японы цагдаа нарын хамгаалалтан дор зочид буудалд байрласныхаа дараа Токио хот дахь Польшийн Элчин сайдын яамны байранд байгаа юм.


Түүний хэлснээр, дасгалжуулагч нараа шүүмжилснийх нь төлөө өөрийг нь нисэх буудал руу хүчээр авч явсан бөгөөд тэрбээр өөрийн аюулгүй байдалдаа санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Беларусийн талын мэдээлснээр, К.Тимановскаяг сэтгэлзүйн байдлынх нь улмаас багаас хассан байна.


Тамирчин бүсгүй даваа гарагт “BBC” телевизэд, өөрийгөө аюулгүй байгаагаа мэдээлсэн боловч одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байх зөвлөгөө авсан гэдгээ хэлжээ.


К.Тимановскаяд тохиолдол энэхүү явдал нь 1994 оноос хойш Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн удирдаж буй Беларусь улсыг дахин олон улсын хараанд оруулжээ. Өнгөрсөн онд ерөнхийлөгчийн маргаан дагуулсан сонгуулийг эсэргүүцсэн жагсаалыг аюулаас хамгаалах хүчнийхэн хүчээр таслан зогсоосон юм.


Эсэргүүцлийн жагсаалд улсдаа нэртэй тамирчид ч мөн дуу хоолойгоо өргөсөн боловч тэднийг санхүүжүүлэхээ зогсоон үндэсний шигшээ багаас хасаж, баривчлан саатуулсан байна.


Польшийн Гадаад хэргийн дэд сайд Марцин Пшидачийн мэдээлснээр, К.Тимановская Токио дахь Польшийн дипломатчидтай шууд холбоо тогтоосон бөгөөд манай улс түүнийг спортын замналаа үргэлжлүүлэхэд нь туслахын төлөө шаардлагатай бүхнийг хийнэ гэв.


“Тамирчны нөхөр Украины нийслэл Киев хот руу дүрвэсэн. Тэрбээр эхнэртэйгээ Польшт уулзана” гэж Варшавт төвтэй сөрөг хүчний улстөрч мэдээлжээ.


Беларусийн Засгийн газар Польш улсын шийдвэрийн талаар одоогийн байдлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. 

Холбоотой мэдээ