Конго, Руанда улсууд “түүхэн” хэлэлцээрт гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /Anadolu/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын /БНАКУ/ зүүн нутаг дахь мөргөлдөөнийг зогсоох зорилгоор АНУ-ын зуучилсан энх тайван, эдийн засгийн “түүхэн” хэлэлцээрт Конго, Руанда улсууд пүрэв гарагт гарын үсэг зуржээ.
“Өнөөдөр бид олон арван жил үргэлжилсэн хүчирхийлэл, цус
урсгасан мөргөлдөөнийг зогсоож, БНАКУ болон Руандагийн хооронд эв найрамдал,
хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэх үүрэг хүлээж байна" гэж АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотод болсон гарын үсэг зурах ёслолын өмнө мэдэгдсэн
байна. Уг ёслолд Конгогийн Ерөнхийлөгч Феликс Чисекеди, Руандагийн Ерөнхийлөгч
Поль Кагаме нар оролцжээ.
Цэргүүд Конгог хэзээ орхин гарах талаар асуухад Д.Трамп “та нар үүнийг маш хурдан харах болно гэж бодож байна” хэмээн хариулсан байна. Тэрбээр Ф.Чисекеди, П.Кагаме нарыг “агуу удирдагчид” хэмээн мэдэгджээ. “Та бүхэн үр дүнг маш хурдан харна гэж бодож байна. Үүнд би итгэлтэй байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Олон арван жил үргэлжилж буй дайныг бид шийдвэрлэж байна гэж Д.Трамп хэлээд, хоёр улсын удирдагчид Цагаан ордонд “хэлэлцээний ширээний ард маш
их цагийг” өнгөрөөсөн гэдгийг дурджээ. Тэрбээр энэ өдрийг “маш ач холбогдолтой”,
“Африкийн хувьд гайхалтай өдөр” хэмээн тодорхойлоод, тохиролцоонд хүрсэн
удирдагчдад талархал илэрхийлэв.
Түүнчлэн Д.Трамп энэхүү хэлэлцээр нь “эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн шинэ тогтолцоог бий болгох” замыг нээж өгч байгаа бөгөөд “энэ үзэсгэлэнт дэлхий ертөнц дээр асар их баялаг бий” гэж нэмж хэлсэн байна. Конго болон Руанда улсууд дайн хийх бус эдийн засгаа илүү нягт нэгтгэхээр тохиролцсон гэдгийг тэрбээр онцолжээ.
Улаанбаатар