Хэрлэн, Улз, Халх гол үерийн түвшинг давсан хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн, Улз, Халх гол үерийн түвшинг давсан хэвээр байгаа учраас иргэдийг сэрэмж болгоомжоо алдахгүй байхыг анхаарууллаа. Халх гол Ялалт баг орчимдоо үерийн түвшинг 54 см-ээр, аюултай түвшинг 11 см-ээр давсан бол Хэрлэн гол үерийн түвшинг 16 см-ээр, Улз гол үерийн түвшинг 15-43 см-ээр давж үерлээд байна. Бүх гол, нуур үерлэсэн энэ үед бага насны хүүхдүүд асран хамгаалагчгүйгээр голын орчмоор тоглох, усанд орох, насанд хүрэгчид аялж зугаалах үедээ согтуурч голд орсноос осолдох тохиолдол гарсаар байгаа юм.
Энэ сард усархаг, үргэлжилсэн бороотой гэдгийг УЦУОШГ-аас мэдээлсэн учраас бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, аялж зугаалах үедээ голд орохгүй байхыг анхааруулсаар байна. Тодруулбал, наймдугаар сард олон жилийн дунджийн орчимд нутгийн хойд хэсгээр 70-100 мм тунадас, бусад нутгаар 40-70 мм тунадас орох төлөвтэй гэв.