Ирэх өвөл, хавар малыг алсад олноор оторлуулахгүй бодлого барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-05 15:11:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар тодруулсныг тус яамны албан сайтад мэдээлжээ.


-Өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр ямар зохион байгуулалт хийж байна вэ?
Монгол Улсын Засгийн газар долоодугаар сарын 28-ны өдөр хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны бэлтгэл хангах зарим үйл ажиллагааны тухай тогтоол гаргасан. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах, цаг агаарын эрсдэлийг багасгах, ингэснээр бүх талын хамгаалалт, зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.

Энэ тогтоолыг боловсруулахад 2020-2021 оны өвөл, хаврын цаг агаарын нөлөөлөл мал аж ахуйн салбарт хэрхэн туссаныг сайтар судалж, 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад бүх талын зохицуулалтын цогц арга хэмжээг тусгасан.  

-Тогтоолд тусгасан гол арга хэмжээг тодруулж хэлэхгүй юу?
Эхний ээлжид Монгол Улсын хэмжээнд 2021 онд хэрэгцээлэх малын тоог аймаг, нийслэлийн хэмжээнд гаргана. Экспортлох малын төлөвлөгөө, хуваарийг гаргаж, энэ чиглэлээр хүнсний болон хөнгөн үйлдвэрийн газруудтай хамтран ажиллана. Нөгөө талдаа үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай түүхий эд, малаас гарах бүтээгдэхүүний тооцоолол боловсруулж, тээвэрлэх, анхан шатны боловсруулалт хийх талаар төлөвлөгөө гаргаж зохицуулахаар тусгасан.  

-Өвөл, хаврыг эрсдэл багатай даван туулахад гол анхаарах зүйл юу байх вэ?
Өвөлжилтөд ихээхэн нөлөөлдөг их цас, цасан шуурга, цочир хүйтрэл, хүчтэй салхины талаарх богино, урт хугацааны төлөв байдлыг тодорхойлж, малчид иргэдийг мэдээллээр хангана. Мөн өвөл хаврын бэлчээрийн даацын судалгааг тодорхойлсны үндсэн дээр эрсдэлийг багасгах арга хэмжээг авч, төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангана.  

-Отор нүүдлийн тухайд ямар зохицуулалт хийж байна?
Отроор явах малын талаарх судалгааг гаргаж, малчид иргэд орон нутагтаа өвөл, хавар ая тухтай байх зохицуулалт хийхээр тусгаж байгаа. Улсын хэмжээнд жилдээ ойролцоогоор 10 гаруй сая толгой мал өөр аймгийн нутаг, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлждөг. Ирэх өвөл энэ тоо хэмжээг багасгаж,  малчид орон нутагтаа ая тухтай өвөлжих, хаваржих ажлыг зохион байгуулна.



-Хадлан бэлтгэх, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд ямар зохион байгуулалт хийх вэ?
Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн  бүсийн болон хадлангийн нөөц бага аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулах, малчин, мал бүхий иргэнээр байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарна.


Аймаг, сум, нийслэлийн аюулгүйн нөөцөд өвс тэжээлийн бэлтгэлийг малын тоо толгойтой уялдуулан тооцсон.Тухайлбал, энэ жилдээ багтаагаад 44900 тн өвс, 2900 тн ногоон тэжээл, 14850 тн тэжээл бэлтгэнэ. Энэ жилийн тухайд ногоон тэжээлийн хэмжээг аймаг орон нутгийн аюулгүйн нөөцөд бэлтгэхээр шинээр тусгаж, оруулж байгаа.

ХХААХҮ-ийн сайд албан даалгавар гаргаж, орон нутгийн холбогдох удирдлагатай цахимаар уулзан, орон нутагт тогтоолыг хэрэгжүүлэх, ямар зүйлд анхаарах чиглэл өгнө. Энэ ажлын урьтал болгож  сайд З.Мэндсайхан өнгөрсөн сарын эхээр аймгуудын ХХААГ-ын дарга нартай цахимаар уулзан, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах чиглэл, үүргийг өгсөн.

Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан нарийвчилсан төлөвлөгөө, анхааруулга, хамтран ажиллах чиглэл, зөвлөмжийг хүргүүлж байна.

Холбоотой мэдээ