Х.Сэйко: Токиогийн Олимп эерэг үнэлгээ авлаа

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-08-08 19:37:40

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадмыг урьд хожид байгаагүй цар тахлын нөхцөлд зохион байгуулсныг үл харгалзан аливаа томоохон асуудалгүйгээр өндөрлөлөө гэж тус наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко мэдэгдлээ.


Х.Сэйко Олимпын наадмын хаалтын ёслолоос өмнө зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр,


"Олимпын наадмыг коронавирусний халдвартай тэмцэх үүднээс аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган зохион байгуулсан нь ихээхэн хүч сорилоо. Бид бүгдийг төгс зохицуулж чадсан гэж хэлэхгүй ч ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан хэмээн миний бие бодож байна" гэж хэлжээ. 



Мөн спортын бараг бүх байгууламжид үзэгчдийг нэвтрэхийг хориглох шийдвэрийг гаргахаас өөр аргагүй байсныг нэмж хэлээд, ийм нөхцөл байдал нь энэхүү наадмын хувьд техник технологийн дэвшлийг ашигласан шинэ, өвөрмөц үнэ цэнийг бий болгосныг онцлон тэмдэглэжээ.


Олон улсын олимпын хорооны төлөөлөгчдийн мэдээлснээр, долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 8 хүртэл Олимптой холбоотой халдварын 430 тохиолдол илэрчээ. Тэдгээрийн 29 нь тамирчид ажээ. Үүний зэрэгцээ Олимпын наадмыг зохион байгуулсан хотод сүүлийн өдрүүдэд халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдсэн юм.



Токиогийн Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс эхэлнэ. Одоогийн байдлаар танхимын үзэгчдийг спортын байгууламжуудад нэвтрэхийг зөвшөөрөх эсэхтэй холбоотой шийдвэр хараахан гараагүй байна. 


Х.Сэйкогийн мэдээлснээр, Японы Засгийн газар болон Токиогийн засаг захиргаа, Олон улсын паралимпын холбоо хэлэлцсэний дүнд холбогдох шийдвэрийг гаргах ажээ. 



Холбоотой мэдээ