Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ба Рио Тинто

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-08-10 13:01:08

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа бараг хоёр жилээр хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн тухай шинжээчдийн дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй байна гэж үзжээ.

 

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон Рио Тинто компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компаниас шаардахаа мэдэгдлээ. Рио Тинто компани болон Оюутолгой ХХК-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, хөрөнгө оруулагчдад тайлбарлахдаа, урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн гэж байсан билээ.

 

Хувьцаа эзэмшигчийн хувьд, мөн өмнөх гэрээ хэлэлцээртэй холбоотой маргаантай асуудал одоо хүртэл яригддаг учир манай улсын тухайд Оюутолгой төслийн менежментийн багийн алдаатай үйл ажиллагааны улмаас гарсан энэ асуудалд нухацтай хандах зүй ёсны шаардлага бий. Тийм ч учраас шинжээчдийн баг томилсон. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Уг төсөл үйл ажиллагаа эхлүүлэхгүй удах тусам хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигч манай улсын талд хохиролтой. Цаг алдах тусам хохирол улам нэмэгдэх тул гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхийг шаардаж байгаа юм. Монгол Улсын Засгийн Газар бүтээн байгуулалтын зардал ихээр нэмэгдсэн ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тийм учраас өмнө 2015 онд батлагдсан санхүүжилтийн төлөвлөгөө, ТЭЗҮ-ийнхээ хүрээнд олборлолтоо эхлүүлэх ёстой. Шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны тайлбар өгөхөөс гадна, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаа яаралтай эхлүүлэхтэй холбоотой шийдвэрээ энэ есдүгээр сард багтаж гаргахыг шаардаад байна” гэв.  

 

Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн яриа хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд Засгийн газрын Ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан юм. Оюутолгой төсөлд тулгамдаад буй олон асуудал гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж буйгаас шалтгаалсан, Монгол Улсад уг төслөөс ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан, гадаадын хэвлэл мэдээллээр эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарч, “шүгэл үлээгчид” гадаадын зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа зэргээс шалтгаалж Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж хөндлөнгийн шалгалт хийлгэх саналыг Рио Тинто компанид албан ёсоор хүргүүлсэн билээ. Энэхүү хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг Рио Тинто эрс эсэргүүцэж байсан бөгөөд Засгийн газрын төлөөлөл гишүүд анх удаа Туркойс Хилл компанитай хамтран ТУЗ-ийн тогтоолыг дийлэнх олонхийн саналаар батлуулсан байдаг.

 

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хэрхэн гүйцэтгэсэн, хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудал юунаас шалтгаалсан  зэргийг шинжээчдийн дүгнэлтээс харах боломжтой болж байна. Оюутолгой ХХК нь Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланд тухайн ордын нөөц 8 орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбарыг өгөхгүй байсан гэдгийг ажлын хэсэг хэлж байгаа.

 

Монгол Улсын эдийн засагт асар их ач холбогдолтой Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө Рио Тинто компани жил бүр 200 гаруй сая ам.долларыг төлбөр болгон авдаг. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн гүний уурхайн төслийг дэмжсээр ирсэн бөгөөд одоо ч дэмжиж буйгаа илэрхийлдэг. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Оюутолгой ХХК-ийн олборлолт эрс нэмэгдэж дэлхийд тэргүүлэх уурхайнуудын нэг болох юм. Гэтэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт нь Рио Тинто компанийн нэмэлт зардлын тухай тайлбараас зөрүүтэй гарчихлаа.

 


Рио Тинто компанийн үйл ажиллагааны томоохон цар хүрээнээс хамаарч ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэшсэн зөвлөх компани олох нь нэлээд бэрхшээлтэй байсан гэдэг. Гэсэн хэдий ч дэлхийн томоохон зэсийн төслүүд дээр ажиллаж байсан дэлхийн нэр хүндтэй зөвлөхүүдээс бүрдсэн шинжээчдийн багийг олж томилон 2021 оны дөрөвдүгээр сараас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт бодитойг бас туршлагатай багаар хянуулсан гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдээд буй юм.

 

Хөндлөнгийн шинжээчдэд хянах зайлшгүй шаардлагатай зарим мэдээллийг өгөхөөс Рио Тинто, Оюутолгой ХХК эрс татгалзаж байсан байдаг. Тухайлбал, Техникийн үнэлгээний багийн тайлан болон 2016-2019 онуудад хөндлөнгийн зөвлөхүүдийн Оюутолгой төсөлтэй холбогдуулж гаргасан тайланг Рио Тинто өгөхөөс татгалзсан байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд энэхүү тайланг авах шаардлагатай талаар удаа дараа сануулж шаардлага хүргүүлсэн боловч Рио Тинто энэхүү мэдээллийг огт өгөөгүй ажээ.

 

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Тусгай хорооны гишүүд 2021 оны наймдугаар сарын 3-нд хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй хоёр зөвлөх энэ дүгнэлтийг хянасан. Ингээд гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг Рио Тинто өөрөө, шуудхан хэлэхэд худал тайлбарласныг тогтоогоод байгаа юм байна.

 

Ташрамд дурдахад, Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэсэн мэдэгдлийг Рио Тинто гаргаж 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлж байсан билээ. Тухайн үед ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж 2021 оны нэгдүгээр сард олборлолт үйлдвэрлэлээ гүний уурхайгаас эхлэхээр төлөвлөж байсан.

 

2019 оны долдугаар сарын 16-нд Рио Тинто компани хөрөнгө оруулагчдад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 16-30 хүртэлх сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг гаргасны дараа Туркойс Хилл компанийн хувьцаа хоёр дахин унасан.

 

2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох талаар мэдэгдсэн. Рио Тинто компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарласан. Урьдчилан харах боломжгүй, Рио Тинтогийн хяналтаас гадуур байгалийн хүчин зүйлээс болж байна гэсэн тайлбарыг Рио Тинто Засгийн газарт удаа дараа өгч байсан. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд мөн хэвлэлээр өгсөн ярилцлагадаа үүнийг баталгаажуулсан байдаг.

 

Оюутолгой ХХК нь Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондонгийн арбитртын шүүхэд өгсөн. Харин Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш гарсан тодорхой алдаанууд дээр үндэслэж, менежментийг гардан гүйцэтгэж байгаа Рио Тинто компанийг татаж оролцуулан сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа. Энэ наймдугаар сард багтаж сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Лондонд хэлэлцэж эхлэх юм.

 

Холбоотой мэдээ