Дэлхийн 60 гаруй улс орон Афганистаныг орхин явах аюулгүй нөхцөл бүрдүүлэхийг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /NHK/. АНУ тэргүүтэй дэлхийн 60 гаруй улс орон
Афганистаныг орхин явах хүсэлтэй байгаа хүмүүст аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхийг
“Талибан” хөдөлгөөнд уриалсан хамтарсан мэдэгдэл гаргажээ.
“Талибан”
Афганистаны Засгийн газрын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулснаа зарлаад байгаа юм.
Мөн Ерөнхийлөгч Ашраф Гани улс орноо орхин явсан бөгөөд түүний засаг захиргаа
хяналтаа алдаад байна.
Талибууд ням
гаргийн байдлаар улсын 34 мужийн 31-ийг нь хяналтдаа оруулсныхаа дараа нийслэл
Кабул хотод нэвтрэн оржээ.
Афганистаны олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Талибан” Кабулын төвд байрладаг ерөнхийлөгчийн ордон, засгийн газрын байрнуудыг булаан авчээ.
Мөн уг
хөдөлгөөний хоёрдугаар удирдагч Мулла Абдул Гани Барадар Засгийн газрыг ялснаа
зарласан мэдэгдлийг дүрс бичлэгээр дамжуулан хийсэн байна.
Ерөнхийлөгч Ашраф
Гани “Facebook” хуудсандаа,
цус урсгахаас сэргийлэхийн тулд улс орноо орхин явах нь зүйтэй хэмээн үзсэнээ илэрхийлээд, “Талибан” ялсан гэдгийг мөн хэлжээ.
Одоогоор нийслэлд анхаарал татахуйц мөргөлдөөн үүсээгүй байна. Гэвч аюулаас
хамгаалах хүчнийхэн, цагдаа нар бараг харагдахгүй байгаагаас үүдэн
эмх замбараагүй байдал үүсээд буй талаарх мэдээлэл “NHK” телевизэд иржээ.
Үүний зэрэгцээ Афганистанаас
явах хүсэлтэй хүмүүс олон улсын нисэх буудалд олноороо цугларчээ. АНУ
болон Өрнөдийн орнуудын дипломат төлөөлөгчийн газруудын хувьд төлөөлөгчдөө нутаг
буцаахаар ажиллаж байна.
АНУ-ын Засгийн
газар Япон, Их Британи тэргүүтэй 60 гаруй улс орны хамтарсан мэдэгдлийг ням
гарагт гаргажээ. Үүнд, афганистанчууд болон гадаадын иргэдийг аюулгүй хил давах
боломжийг бүрдүүлэхийг уриалсан байна.
Тодруулбал, "Афганистан
даяар эрх мэдэл, албан тушаал хашиж буй хүмүүс хүний амь нас, эд хөрөнгийг
хамгаалах, аюулгүй байдал, нийгмийн
дэг журмыг нэн даруй сэргээх үүрэг
хариуцлага хүлээж байна. Афганистанчууд аюулгүй, нэр төртэй амьдрах эрхтэй”
хэмээн тэмдэглээд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг ирээдүйн Засгийн газарт уриалжээ.
“Талибан”-аас “Associated Press” агентлагт
мэдээлснээр, талибууд Засгийн газар байгуулах талаар бусад хүчнүүдтэй хэлэлцээ
хийж байгаа ажээ. “Талибан” урьдынх шигээ Исламын хууль тогтоомжид тулгуурлан Засгийн
газрыг удирдаж болзошгүй гэдэгт олон улс ихэд санаа зовниж байна.