АНУ нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд туслахыг агаарын тээврийн компаниудад үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Батлан хамгаалах яам Афганистанаас иргэдийг
нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэтгэхэд туслалцаа үзүүлэх нисэх онгоцнуудаар
хангахыг Америкийн арилжааны агаарын тээврийн компаниудад үүрэг болгосноо ням
гарагт мэдэгджээ.
“Нисэх онгоцнуудыг
Европ, Ойрхи Дорнодын цэргийн бааз, дамжин өнгөрөх цэгүүдэд хэдийнээ хүргэсэн
хүмүүсийг тээвэрлэхэд ашиглах бөгөөд Афганистаны нийслэл рүү нэвтрүүлэхгүй. Ингэснээр
цэргийн нисэх онгоцнууд Кабул хотод ирэх, гарах ажиллагаанд голчлон анхаарах
боломжийг бүрдүүлнэ” гэж Пентагон мэдээлсэн байна.
Энэхүү ажиллагаанд
18 нисэх онгоцыг ашиглах бөгөөд үүнд, “American Airlines”, “Atlas Air”, “Delta
Air Lines”, “Omni Air” компанийн тус бүр гурав, “Hawaiian Airlines”
компанийн хоёр, “United Airlines”
компанийн дөрвөн нисэх онгоц багтах юм.
АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден ням гаргийн үдэд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, “АНУ дамжин өнгөрөх төв, цэргийн баазуудад хүргэх гадаадын иргэдийг АНУ-ыг зорихоос нь өмнө нарийвчлан
шалгана" гэдгийг мэдэгджээ.
Ж.Байдены энэ оны эхээр гаргасан Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах тухай шийдвэр нь эмх замбараагүй байдалтай тулгараад байгаа юм.
Тухайлбал, “Талибан” хөдөлгөөн
өнгөрсөн долоо хоногт нийслэлийг хяналтдаа оруулсны дараа тус хотын нисэх
буудалд олон мянган хүн цуглаж, зарим хүн АНУ-ын цэргийн нисэх онгоцноос
зүүгдэн зорчихыг оролдсоныхоо улмаас амиа алджээ.
Мөн “Associated Press”
агентлаг Их Британийн цэргийнхний мэдээлснийг эш татан уламжилснаар, Кабулын
нисэх буудал руу ороход үүссэн шахцалдааны улмаас Афганистаны долоон иргэн амиа
алдсан байна.