Боршоо боомтын шинэ лабораторийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар Увс аймгийн холбогдох салбарынхны ажил байдлыг шалгалаа.
Наймдугаар сарын 22-ны байдлаар, Увс аймагт коронавируст халдварын 3 530 тохиолдол бүртгэгдсэний дотор зургаа нь коронавирусний дельта хувилбар болох нь батлагджээ. Дельта хувилбарын тохиолдлууд нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн сорьцоос илэрсэн тул тандан судалгааг эрчимжүүлж, хяналтад аваад буйг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа танилцуулав. Мөн аймгийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөцийн асуудал хомсдолтой байдаг тул сургууль төгссөн залуу боловсон хүчнийг гэрээгээр ажиллуулах боломжийг бүрдүүлэхийг Шадар сайдад уламжлав.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвд өдгөө 153 хүн хэвтэн эмчлүүлж буй бол гэрийн тусгаарлалтад 269 хүн эмчлэгдэж буй бөгөөд 4D эхо аппарат, зөөврийн рентген аппарат болон түргэвчилсэн оношлуур шаардлагатай байгааг газар дээр нь шийдвэрлэж өгөв. Вирусний эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамж хүрэлцээтэй байгаа учраас өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулах асуудал гараагүй байна.
Увс аймагт тээврийн асуудлаас болж вакцинжуулалт удаашралтай байсан ч өдгөө жигдэрч, нийт хүн амын 83.7 хувь нь нэгдүгээр тунд, 74.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. 12-17 насны хүүхдүүдийн 65 хувь нь вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байгаа учраас хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, сурагчдыг бүрэн тунд хамруулахыг холбогдох албаныханд Шадар сайд үүрэг болголоо.
Мал аж ахуй, газар тариалан хосолдог тус аймагт өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хангагдаж байгаагийн зэрэгцээ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангах тал дээр анхаарч ажиллаж буйг Увс аймгийн Засаг дарга, Онцгой комисын дарга Ч.Чимэд тэмдэглэв.
Цар тахлын хажуугаар эдийн засгаа дэмжих, гадаад, дотоод худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа тул хилийн боомтын ажлыг жигд, хэвийн явуулахад анхаарч буйг Шадар сайд С.Амарсайхан онцлоод, Увс аймаг дахь Боршоо боомтын шинэ лабораторийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудал тулгамдаж байсныг газар дээр нь шийдвэрлэлээ.
Боршоо боомтоор энэ оны эхний найман сарын байдлаар 762 ачаа тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүн нэвтэрсэн бол 27 мянга 578.8 тн шатах тослох материал, 819 автомашин импортолсон байна.