Б.Жавхлан: Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь өнгөрсөн долоо хоногт түр зогссон Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа энэ сарын 30-наас хэвийн болж эхэлснийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
“КОВИД-19” цар тахал Монгол Улсын экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч дэлхий нийтэд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь төлөвлөсөн орлогоо олох боломжийг бүрдүүлж байгаа аж. Гэсэн хэдий ч экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээ 100 хувь гаргаж чадахгүй байгаа тул уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хүртэх боломжоо алдаж байна хэмээн Сангийн сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Гашуунсухайт бол Монгол Улсын нүүрсний экспортын 70 орчим хувийг гаргадаг газар. БНХАУ-д гангийн үйлдвэрлэл өсөж, өвлийн олимпын бэлтгэл хангахтай холбоотой нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа. Цар тахлын үед зөвхөн нэг улс зохион байгуулалт хийгээд асуудлыг шийдээж чадахгүй тул хоёр тал хамтрах ёстой. Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нүүрс солилцох гаалийн талбай байгуулах ажил амжилттай дуусаж, туршилт явагдаж байна. Энэ талбай ашиглалтад орсноор манай жолооч нар машинаасаа буухгүйгээр чингэлгээ буулгаж, хятад жолооч нар шууд ачаад буцах нөхцөл бүрдэх юм. Энэ талбай ашиглалтад орвол бид энэ жил Цагаан хадад төвлөрөөд байгаа 9.6 сая тонн нүүрсний дийлэнх хэсгийг гаргана. Ирэх онд өмнөх жилүүдэд гаргаж байсантай тэнцэх хэмжээний нүүрс гаргах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа”