Хэвлэл мэдээллийн нийт ажилтны 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, Жендэрийн Үндэсний хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагын редакцуудад зориулан жендэрийн мэдрэмжтэй ажиллах тухай удирдамж боловсруулжээ.
Энэ талаар өчигдөр болсон “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цахим сургалт, хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
Удирдамжид заасан хамгийн эхний шаардлага бол тухайн редакц дотор хүйсийн тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх явдал аж. Манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд дотор хүйсийн тэнцвэртэй байдал гадаадын орнуудаас ялгаатай байдаг талаар сэтггүүлзүйн судлаач Д.Мөнхчимэг танилцууллаа.
Тэрбээр, юуны өмнө ХМХ-ийн байгууллага, редакцийн үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангаснаар цааш энэ талаар өөрсдөө илүү ярих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Редакц доторх хүний нөөцийн байдлыг харж үзэх юм бол Монгол Улс бусад улстай харьцуулахад нэлээн давуу талтай байна. “Хэвлэл мэдээлэл өнөөдөр” гэсэн судалгаанаас үзэхэд өнгөрсөн жилийн байдлаар нийт сэтгүүлч редактор, сурвалжлагч бүтээлч ажилтны 60 гаруй хувь нь, удирдах ажилтнуудын 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн байр суурь сайжирч ирснийг онцолж байна.
Олон улсын түвшинд энэ нь эртнээс нэлээн том асуудал байж ирсэн. 1990-ээд оноос хойш редакцууд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж ирсэн ч одоо олон улсын хэмжээнд нийт сурвалжлагчийн 40, удирдах албан тушаалтны 26 хувь нь эмэгтэйчүүд байж, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагад эрэгтэйчүүд зонхилсон хэвээр байна. Энэ байдал өөрчлөгдөх хандлага нэлээн ажиглагдаж байна" гэв.
Тэрээр, “Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхах болон хэвшмэл буруу ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн, ёс зүйн шаардлага” гэдгийг тодотгож байна.
Эхлээд редакц дотроо хүйсийн тэнцвэр байдлыг бүрдүүлэх нь чухал. Дараа нь эх сурвалжийн тэнцвэртэй оролцоо, тухайн мэдээ, мэдээлэл, нийтлэлийн агуулгад хэрхэн анхаарах талаар удирдамжид тодорхой заажээ.