И.М.Хабаева:Театраа орхино гэдэг надад хамгийн хүнд байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2016-07-01 17:48:05

Монголын тайзнаа анхны сонгодог бүжиг “Бахчисарайн оргилолт булаг” тавигдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тус бүжгийн жүжгийг дахин тайзнаа тавьсан билээ. Энэхүү бүжгийн жүжгийг анх дэглэн найруулсан СТА И.М.Хабаева болон гол дүрийн уран бүтээлчидтэй ярилцлаа.

-Одоогоос 60 жилийн тэртээ дэлхийн сонгодог бүтээл “Нулимсан оргилуур” буюу "Бахчисарайн оргилолт булаг"-ыг УДБЭТ-ын тайзнаа тавьсан нь  Монголын анхны сонгодог бүжгийн эхлэл болсон билээ. Тэр үеийн дурсамжаасаа та хуваалцахгүй юу?

-И.М.Хабаева "Би 1954 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монголд ирсэн. Намайг  тэр үед Хөгжимт Драмын театрынхан халуун дулаан сэтгэлээр угтаж авсан. УДБЭТ чинь Хөгжимт драмын театр гэж нэршдэг байлаа. Даргаар нь  БНМАУ-ын  Ардын жүжигчин , Нямын Цэгмид гуай ажиллаж байсан. Ухаантай, сайхан сэтгэлтэй, шооч гэж учиргүй, цэцэн цэлмэг, өргөн мэдлэгэтэй тэр сайхан хүнийг хэрхэн мартах билээ. Уран сайхны удирдагчаар нэртэй жүжгийн зохиолч, найруулагч Л.Ванган, харин хөгжмийн буюу дуурь балетын эрхлэгчээр ардын жүжигчин Э.Оюун нар  ажиллаж байв. Тэдний анхаарал халамжийн ачаар миний бодсон, сэтгэсэн, санасан бүхэн амжилттай хэрэгжсэн. Сонгодог бүжгийн хамт олон надад агуу их итгэл, найдвар хүлээлгэж жинхэнэ сонгодог бүжгийн урлагт  суралцана гэсэн сэтгэлээр угтаж авсан. Бүжгийн том танхимд анх ороход ямар ч засал бэлтгэлгүй хоосон танхим, өмд, даашинз, тэр ч байтугай дан дээл, дан оймстойгоо гээд эрээвэр хураавар хувцас өмссөн бүжигчид угтсан. Театрт ирээд хамгийн түрүүнд сонгодог бүжгийн танхимыг тохижуулж, ханыг шалнаас тааз хүртэл тольтой, дасгалын тулгуур, бүжигчдийн хувцас солих өрөө, эрэгтэй, эмэгтэй шүршүүрийг бий болгосон доо.

Бид театрын удирдлагатайгаа ярьж байгаад эмэгтэй бүжигчиддээ хөнгөн даавуугаар бэлтгэлийн даашинз оёж, эрчүүддээ цагаан майк, бариу өмд хийлгэсэн. Гарын уртай зарим хүмүүсээ  Москвад бүжгийн зориулалтын хувцас, зөөлөн шаахай, сонгодог бүжгийн чишк оёх дадлага хийлгэхээр явуулсан. Ингээд хоёр жилийн дараа бид мэргэжлийн сонгодог бүжгийн гуталтай болсон. Тухайн үед  40 орчим бүжигчин байсан бөгөөд зарим нь театрын сургууль төгссөн, сайн дураараа сурсан гэх мэт ур чадвар, мэдлэгийн хувьд эрс тэс хүмүүс байлаа. Гэвч хамгийн гол нь тэд гайхалтай хөгжимлөг, байгалиас заяасан уян хатан бие гальбиртай, тайзаа чадварлаг мэдэрдэг, хүмүүс байж билээ. 1955 онд театрын удирдлага биднийг 8 сарын туршид юу хийж, сурсныг маань шалгаж, бид ч энэ хугацаанд сонгодог бүжгийн урлагт хэрхэн суралцсанаа урам зориг дүүрэн шалгуулсан. Театрын удирдлага бидэнд өндөр үнэлгээ өгсөн нь уран бүтээлчдэд урам зориг хайрласан  юм. Э.Оюун багш биднийг “Сурсан мэдсэн бүхэн дээрээ зогсчихож болохгүй, үргэлж урагш тэмүүлэх хэрэгтэй” гээд хөгжмийн зохиолч Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийг тавих саналыг дэвшүүлсэн.Би талархан дэмжсэн. Яагаад гэвэл энэ бүтээл бүтэн сонгодог биш, манай театрын бүжигчдийн ур чадварт яг тохирсон бүтээл байсан учир Н.Цэгмид дарга маань энэ бүжгэн жүжгийг тайзнаа тавих тушаалыг гаргасан.

-Цаг хугацааны шалгуурыг давсан таны энэхүү уран бүтээл өдгөө ч үзэгчдийн хүртээл болсоор байна. Энэ удаагийн тавилт таныг дэглэж байснаас  хэр өөрчлөгдсөн байна вэ?

- Миний тавьсан дэглэлт  нэг их  өөрчлөгдөөгүй, хөдөлгөөн нь хэвээр  үлдсэнд  талархаж байна. Гэхдээ жижиг хөдөлгөөнүүд, холбоосууд бага зэрэг өөрчлөгдсөн нь жүжигчидтэй холбоотой болов уу.  Театрдаа ирэх бүрт хөгширч буйгаа  мартан залуужих шиг болдог юм даа.

-Энэ бүжгийн жүжгийг театрын тайзнаа анх тавихад та эд гялалзсан залуу бүсгүй байсан биз. Цаг хугацаа харвасан сум шиг нэг жаран өнгөрчээ. Театрдаа ирэх бүрт залууждаг гэлээ. Одоо хүртэл ийм гайхалтай сайхан харагдаж байгаагийн нууц нь юунд оршиж байна вэ?   

-Би энэ театрт 20 жил ажиллажээ. Театр минь миний хоёр дахь гэр. Энэ хугацаанд бүжгийн танхимд нэг ч маргаан, зөрчил, хов жив, сөрөг уур амьсгал байдаггүй гайхалтай эвсэг, нөхөрсөг хамт олныг бүрдүүлж чадсан. Хэрвээ театр минь намайг урих л юм бол би  мөлхөж байгаад ч гэсэн бүх үйл ажиллагаанд нь оролцоно гэж боддог шүү.Урлагийнхан чинь сэтгэлээрээ залуу явдаг улс шүү дээ.

-Таныг сонгодог бүжгийн анхны дэглээч гэдгээс гадна Б.Ринчен гуайн бэр гэдгийг тань хүмүүс мэднэ. Гэтэл энэ нь таныг хийснээ үнэлүүлж чадаагүйд нөлөөлсөн. Хэлмэгдсэн гэх нь бий. Одоо болтол таны сонгодог бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлээгүй юм шиг санагддаг?

-1970 оноос л миний хэлмэгдүүлэлт эхэлсэн. Жилээс жилд надаар бүжиг тавиулахгүй, ажил өгөхгүй байсаар 1972 онд театрын дарга Л.Намхайцэрэн надад аж ахуйн даргын ажлыг санал болгосон. Балчир хүүхэд наснаасаа бүжгийн урлагт хөл тавьсан надад театраас явна гэдэг туйлын хүнд байсан учир би энэ саналыг зөвшөөрсөн юм. Тухайн жилүүдэд театр тасалбараа бүрэн борлуулж чадахгүй, үзэгчдээ татах менежмент байхгүй, жүжиг тавиад хоосон шахуу танхимд тоглох болсонд сэтгэл өвддөг байсан тул тасалбарын борлуулалтыг бүрэн хариуцаж ажилласан. Их, дээд сургуулиудтай тохиролцож, залуучуудын холбоо, дүүрэг, үйлдвэр, заводын намын үүр, удирдлагатай хамтран ажиллаж үзэгчдээ татаж байлаа. “Балетын үдэш”, “Дуурийн үдэш” зэрэг олон арга хэмжээг Лениний нэрэмжит клубт зохион байгуулсан, ихэнх шилдэг уран бүтээлчид маань ЗХУ-д сургууль төгссөн учир Орос дууны үдэшлэг, Оросын романсууд гэх мэт тоглолт хийхэд хялбар байсан. Эдгээр үйл ажиллагаанд бүжигчид маань маш идэвхтэй оролцдог байсан даа. Ийм байдлаар бараг амралтгүй ажиллаж байсны үр дүнд театр төлөвлөгөөт орлогоо давуулан биелүүлж чадсан. Ингэж 4 жил зүтгэсний эцэст надад Л.Намхайцэрэн дарга чамайг театрт битгий ажиллуул гэж байна гэдэг байгаа. Надад явахаас өөр зам үлдээгүй. \Санаа алдав\  Үнэнийг хэлэхэд хэн юуны учир надад тэгтэл дургүй болж, миний бүх амьдрал, зүрх сэтгэлээ зориулсан хайртай ажлаас минь холдуулах болсныг ойлгоогүй үлдэж билээ......

-"Бахчисарайн оргилолт булаг" бүжгийн жүжгийн гол дүр  Марияд бүжиглэсэн МУГЖ Г.Цолмонгоос сэтгэгдлийг нь сонсов.

-Ойн арга хэмжээний үеэр тантай хамт бүжиглэсэн уран бүтээлчид энэ сайхан бүжигчинтэй хамт дүр бүтээсэн маань нэр төрийн хэрэг хэмээн тодотгож байсан. Тэгвэл таньд энэ тоглолтын мартагдашгүй мөч юу байв?

-Жаран жарнаар хорвоогийн түүх хийгээд хүмүүний амьдралыг хэмждэг монгол уламжлалын дагуу УДБЭТ-ын хамт олон нэгэн гайхамшигт бүтээлийн 60 жилийн түүхийн мөчийг тэмдэглэн үе үеийн ахмад уран бүтээлчид маань хүрэлцэн ирж үгийг нь сонсч хамтран нэгэн тайзнаа бүжиглэж байгаа нь миний хувьд олзуурхууштай. Мөн энэ тоглолтод ээж, аав хоёртойгоо нэгэн тайзнаа гарсан хамтран тоглосон минь хэзээ ч мартагдашгүй дурсамж боллоо. Ардын жүжигчин Х.Ганбаатар бол миний аав Нурали хэмээх цэргийн жанжны дүрийг бүтээлээ. Харин ээж минь УДБЭТ-т бүжигчин байсан Б.Энхээ. Дашрамд сонирхуулахад миний ээж Мариягийн дүрд маш олон жил бүжиглэсэн. Энэ удаагийн тоглолтод ОХУ-ын  бүжигчин ирсэн нь онцлог  сайхан үйл явдал боллоо

-Таны хувьд удам дамжсан бүжигчин юм байна. Магадгүй таны охин ирээдүйн Мариягийн дүрийг бүтээх мэргэжил өвлөж байгаа болов уу?

-Дүрийн хувьд  эмэгтэй хүний сэтгэлийн утсыг хөндсөн эмгэнэлт жүжгийн дүр. Бүжгээр тогтохгүй драматик  жүжиг болохоор мэргэжлийн ур чадвар, жүжиглэлтийг маш их шаарддаг. Жишээ нь Заремад хорлогдохдоо Мария “хороож амьдын ялнаас аварсанд баярлалаа” гэж хэлдэг. Эмэгтэй хүний хувь тавилан, уярал харууслыг  бүжгээр илэрхийлнэ гэдэг нэлээн ярвигтай ажил шүү дээ. Охин минь яахыг хэлж мэдэхгүй юм.

 

Г.Уранчимэг

Холбоотой мэдээ