Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-15 20:47:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол орны урд хилээс хойд хил хүртэл 1100 км замыг гүйж туулсан нэгэн түүхийг хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам анхлан бичлээ. Түүнийг өнөөдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хилийн цэргийн 0101-р анги, Хилийн цэргийн 0243-р анги, Сүхбаатар сум, Биеийн тамир спортын газрын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, баяр хүргэлээ.

Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамыг цар тахлын нөхцөл байдалд ард олныхоо итгэл найдварыг тээж, сэтгэл санааг дэмжин өргөж, эмэгтэй хүний тэсвэр хатуужил, зориг тэвчээрээр бусдад манлайлал, урам өгч байгаад нь аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа талархал илэрхийлж, Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр холын зайн гүйтийнхээ замд гарч байсан. Тэгвэл өнөөдөр буюу 9-р сарын 15-ны өдөр эх орныхоо хойд хил Сэлэнгэ нутагт их жанжны нэрээр нэрлэгдсэн Сүхбаатар хотод 46 дахь өдрөө ийнхүү хүрэлцэн иржээ. Тэрээр 1100 км замынхаа бариаг Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу 9 дүгээр сарын 17-нд Алтанбулаг сумын 652 дугаар хилийн тэмдэгт хүртэл гүйж орохоор төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ