А.Амбасэлмаа: Коронавируст халдвар нутагшмал болох эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-17 12:19:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат эмч А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр коронавируст халдвар нутагшмал болж үлдэх эрсдэл их байгаа тухай мэдээлэв.

Тэрбээр, "Цар тахал дэлхий дахинд өргөн тархаад байна. Саяхан ДЭМБ-ын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан цахим уулзалтаар цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахад энэ вирус ирээдүйд устах магадлал байхгүй. Улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл байна гэж үзсэн. Халдварын тохиолдлын тоо, тархалт, өвчлөл их байгаа учраас халдварыг үүсгэгч вирус хувиралд орох, хувилбарууд нь өмнөх вирусээс илүү хоруу чанартай байгаа тул бүгд вирустэй яаж тэмцэх талаар бэлэн байдлаа хангах, өмнөх туршлагаа хэрэгжүүлж, арвижуулах талаар анхаарахыг зөвлөж байна. Түүнчлэн коронавируст халдвар нутагшмал болж үлдэх эрсдэл байна. Ингэсэн үед вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээгээ хэчнээн сайн авч чадна, төдий чинээ вирустэй дасан зохицож хамтран амьдрах шаардлагатай болж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр, “КОВИД-19” улирлын томуу болж үлдэх эрсдэл бий. Тиймээс ард иргэдэд биеийнхээ дархлааг сайжруулах, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг сануулсан юм.

Холбоотой мэдээ