УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа бямба гарагт эхэлнэ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-09-17 15:20:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгааны гол цөм нэр дэвшүүлсэн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр байна. Бие даагчдад ч энэ хамаатай. Улсын төсвөөс давсан мөнгөн дүн бүхий биелэх боломжгүй амлалт мөрийн хөтөлбөрт оруулахгүй байх үүднээс Үндэсний аудитын газар (ҮАГ)  үнэлэлт дүгнэлт өгдөг хуультай болсон билээ.


УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ талаар “Нөхөн сонгуулиар нам эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон  энэ хуулийн 26.3.6, 26.4.6 заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” (хуулийн 38 дугаар зүйлийн38.8 дахь хэсэг) гэж заасан байна. Хуулийн энэ заалтыг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны баталсан цаг хугацааны хуваарийн дагуу хийх ажлын жагсаалтын 27 (нам, эвсэл)  “ 2021.07.26-ны өдрийн 10:00 цагаас 2021.07.28-ны өдрийн 17:00 цаг хүртэл”, 28  (бие даан нэр дэвшигч) 2021.8.23-ны өдрийн 10:00 цагаас 2021.08.25-ны өдрийн 17:00 цаг хүртэл” гэж нарийвчлан зааж өгсөн байна.

Үнэсний аудитын газар (ҮАГ)  нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцүүлж, СЕХ  бүртгэх тогтоол гаргадаг хуулийн зохицуулалттай. Ийм учраас хуульд нийцсэн мөрийн хөтөлбөрийн дагуу УИХ-ын нөхөн сонгуулийн Хэнтий аймагд дахь 18, нийслэлийн СХД дэх 28 дугаар тойрогт сонгуулийн сурталчилгаа явна.

УИХ-ын нөхөн сонгууль болох  УИХ-ын 18 дугаар тойрог (Хэнтий аймаг)-т 6 нэр дэвшигч, 28 дугаар тойрог (нийслэлийн СХД)-т 10 нэр дэвшигчийг СЕХ бүртгэж тогтоол гаргасан байх магдлалтай албан бус мэдээллүүд цацагдаж байна. Гэхдээ нэр дэвшигчийн үнэлэхийг СЕХ гардуулж нийтэд зарласан  нөхцөлд хэд дүгээр тойрогт хэдэн нэр дэвшигч өрсөлдөх нь хуулийн дагуу албан ёсоор тодорхой  болно. 


Ер нь хоёр тойрогт нийт 18 нэр дэвшигч байна. Тэдний 17 нь хуулийн дагуу Авилгатай тэмцэх газар (АТГ)-т Хөрөнгө орлогийн мэдүүлгээ  (ХОМ) өгсөн гэж тус газар  (21.9.13)-аас мэдээлсэн билээ. Хуулийн энэ  заалтыг хэн гэдэг нэр дэвшигч хэрэгжүүлээгүй талаар ямар нэг тодорхой мэдээлэл олон нийтэд цацагдсангүй. Хуулийн хугацаанд ХОМ өгөөгүй нэр дэвшигч цаашид ямар байдлаар сонгуулийн сурталчилгаа хийх талаар ирэх өдрүүдэд тодорхой болно.


УИХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан талаар СЕХ мэдээлэл өгсөн  (21.9.13). Сурталчилгаа  нэр дэвшигчид  үнэмлэх гардан авсан 9 дүгээр сарын 18-ны өдөр  буюу бямба гаригт эхэлж 21 хоног үргэлжилнэ. Харин санал хураалт 10 дугаар сарын 10 буюу ням гаригт болно. УИХ-ын нөхөн сонгуулийг хавар 6 дугаар сард, намар 10 дугаар сард зохион байгуулах хуулийн зохицуулалттай.

Холбоотой мэдээ