Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-09-17 23:07:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километр замыг туулан бариандаа ирлээ. Түүнийг орон нутгийн удирдлагууд, Хилийн цэргийн албан хаагчид угтан авлаа.

Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайд гүйхээр өнгөрсөн 8 дугаар сарын 1-ний өдөр замдаа гарч, эдүгээ өнөөдөр 46 дахь өдрөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах дугаар баганадаа хүндэтгэл үзүүлж бариандаа орлоо.

Тэрээр нийт 48 өдрийн турш байгалийн аюулт үзэгдэл, салхи шуурга, аадар бороотой таарсан олон өдөр байсан ч нэг ч өдөр амралгүй гүйсээр бариандаа ирсэн байна. Хоёр жилийн турш хүнд нөхцөлд ажилласан хилийн цэргийнхээ нийт алба хаагчдадаө хүч нэмж, урам хайрлахаар гүйх шийдвэрийг гаргах санаа төрснөө тэрээр ярилаа.

“Эх орон, эв нэгдлийн төлөө зүгээр л гүй” уриатайгаар гүйсэн хилчин бүсгүй маань Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Алтанбулаг сумын 652 дугаар хилийн тэмдэгт хүртэл нийт 1100 километр замыг туулжээ. Ийн өнөөдөр буюу Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдрөөр төлөвлөсөн хугацаандаа бариандаа орлоо. Цэргийн хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулсан түүнд Сэлэнгэ аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, аймгийн ахмад хилчид, хилчин бүсгүйчүүд дурсгалын зүйлс гардуулж салбарын шагналуудаар шагналаа. 

Холбоотой мэдээ