Хоцрогдлын түвшин тогтоох оношилгоонд 546 сурагч хамрагдав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-09-24 15:15:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар 2-12 дугаар ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлын түвшнийг тодорхойлох оношилгоог авч байгаа. Ингэхдээ түүврийн аргаар сурагчдыг сонгосон бөгөөд тус аймгийн 546 сурагч уг оношилгоонд хамрагдав.

Боловсролын үнэлгээний төв болон аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан багууд сумдад ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн 13 сумын 16 сургуульд 46 удаагийн шалгалтыг амжилттай авч дууслаа. Зохион байгуулалтыг аймгийн БСУГ маш сайн хийсэн байна. ямар нэг алдаа дутагдал, зөрчил энэ хугацаанд гараагүй. Энэхүү оношилгоо нь сурагчдад дүн тавих бус хоцрогдлын түвшнийг тогтоож, цаашдын сургалтын агуулгыг тодорхойлох зорилготой гэж БҮТ-ийн статистикч Б.Тунгалагтуяа хэллээ.

Оношилгооны нэгдсэн дүгнэлт 10 дугаар сарын сүүлээр гарна. Үүний дараа үлдсэн сурагчдаа оношлох ажлыг орон нутаг өөрөө зохион байгуулах юм байна. Оношилгоог монгол хэл, математик болон нийгмийн ухаан, байгалийн ухааны чиглэлийн хичээлээр авчээ. 

Холбоотой мэдээ