Коронавирустэй холбоотой бүх үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд коронавирусний шинжилгээ авах, эмчилгээ үйлчилгээ, зөвлөгөө өгөх бүх үйлчилгээг нэг цэгээс үзүүлж эхэллээ.
Сүүлийн долоо хоногийн хугацаанд тус аймагт коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж, 9 дүгээр сарын 25-ны байдлаар батлагдсан тохиолдол 4825-д хүрээд байгаа.
Коронавирусний нэг цэгийн үйлчилгээний төвд ирсэн иргэд шинжилгээ өгч, хариу "эерэг" гарсан тохиолдолд эмчид үзүүлж, хэрэв гэрээр эмчлүүлэх бол зөвлөгөө өгөх хэсэгт очин гэрээр хэрхэн эмчлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах зэрэг зөвлөгөө, мэдээллээр хангагдан, эм, бэлдмэлээ авдаг бол хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг эмнэлэгтэй холбож өгдөг.
Тус аймагт ЭМЯ-наас PCR шинжилгээ хийх аппарат өгч, аймагтаа шинжилгээ авах боломжтой болсон. Тиймээс PCR шинжилгээг орон нутагтаа хийж эхэлжээ.
Өчигдрийн байдлаар 1617 өвчтөн эмчлүүлж байгаагийн 1515 хүний биеийн байдал хөнгөн, 82 хүний биеийн байдал хүндэвтэр, хүнд гэсэн оноштой 10 өвчтөн байгаа аж. Нэн хүнд оноштой өвчтөн байхгүй байна.