Эрүүл мэндийн хяналтыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-09-28 17:21:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.09.28/ хуралдаж, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин, "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын талаар авч хэлэлцэн, холбогдох ажлуудыг эрчимжүүлэхээр шийдвэрлэв.

Хурлаар, аймгийн хэмжээнд бага, дунд насны /12 нас хүртэлх/ хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэх, короновируст халдварын эсрэг дархлааг нэмэгдүүлэх эхний хоёр тун вакцинд нийт иргэдийн хамрагдсан байдал, тэдний өвчилсөн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж улмаар вакцины 3 дугаар тунд хамруулах ажлыг идэвхжүүлэхийг холбогдох албадад үүрэгдлээ.

Мөн ахлах, дунд ангийн сургалт танхимаар хичээллэж буйтай холбогдуулан сургууль тус бүрт эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээнд хяналт тавьж, эм, эмчилгээний зарцуулалтыг тооцож ажиллахыг даалгав.

Түүнээс гадна шүлхий өвчин гарсан сэжигтэй болон голомттой бүсэд зам тээврийн болон малын шилжилт хөдөлгөөнийг сайтар хянаж, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, зэрлэг ан амьтдын нүүдэлд тандалт судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийхээр тогтлоо.

Аймгийн МЭГ-аас сумдын Онцгой комисстой хамтран малчдыг шүлхий өвчний талаарх мэдээ мэдээллээр тогтмол хангаж, урьдчилан сэргийлэх арга зүй, заавар зөвлөмжөөр  хангаж ажиллах бөгөөд хувийн мал эмнэлгүүдийг татан оролцуулж ажиллахаар болсон байна.

Мөн үхрийн арьс товруутах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс зүүн бүсийн аймгууд буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарын чиглэлээс мал амьтан тээвэрлэх, оруулж ирэхийг бүрэн хориглох, МЭЕГ-аас явуулах малын дархлаа тогтох явцын хувийг шалгах шинжилгээнд Хүрээмарал сумыг хамруулахаар тус тус шийдвэрлэв.

Холбоотой мэдээ