БАЯНХОНГОР: Тусгаар тогтнолын багана 80 жилийн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-27 12:32:25

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрсөн түүхэн өдөр тохиож байна. Монгол Улс 1946 оноос эхлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсэх хүсэлтээ гаргаж, их болон бага 100 гаруй хуралдаанаар хэлэлцэгдэн 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх Бүрэн эрхт гишүүн улс болсон юм.


НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлт илгээсний өмнөх жил буюу 1945 оны намар Тусгаар тогтнолын төлөөх нийтийн санал асуулга явуулан Монголын ард түмэн өөрийн тусгаар тогтнолын төлөө бүх нийтээрээ саналаа өгснийг бататган тэмдэглэхээр Улаанбаатар, Баянхонгор, Улиастай зэрэг газарт Тусгаар тогтнолын баганан хөшөө босгосон түүхтэй.


Эх орны тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний бэлгэдэл болсон "Тусгаар тогтнолын багана" хэмээх хүндэт дурсгал Баянхонгор аймгийн төв талбайд бий. Хонгор нутгийнхан Тусгаар тогтнолын багана бүхий төв талбайгаа Баганат талбай хэмээн нэрлэдэг.


1945 оны 10 дугаар сард БНМАУ-ын Төрийн тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний гарын үсэг зурахад зориулсан хурал цуглаан аймгийн төв хөдөөд 200 гаруй удаа болжээ. Мөн оны энэ өдөр /1945.10.20/ улс орныхоо “Төрийн тусгаар тогтнолын төлөө” аймгийн насанд хүрсэн бүх иргэн /24114/ оролцож, гарын үсгээ зурсан байна. Тэр жилээ Баянхонгор аймаг Төрийн тусгаар тогтнолд зориулж, Хүндэтгэлийн модон баганыг аймгийн төвд босгожээ.

Ийнхүү Тусгаар тогтнолын гэж олноо нэрлэгдсэн баганаа 1974 онд Улс тунхагласны 50 жилийн ойгоор шинэчлэн аймгийн намын хороо, захиргааны өмнөх талбайд бүтээсэн бөгөөд энэхүү баганы зургийг архитектор инженер н.Дашигдорж хийж, уран барималч Д.Найдан урласан байна.

Тусгаар тогтнолын баганыг 2014 онд их засварт оруулж, “Ахмадын цэцэрлэгт хүрээлэн”, төв талбайн хучилт, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийжээ. Өргөтгөл, засварын ажлаар цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлыг ч нэг мөр шийдсэн байна.

Холбоотой мэдээ