Сурагч Г.Намуунцэцэг ОХУ-д тэтгэлгээр суралцахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-29 16:37:00

Завхан/МОНЦАМЭ/. Баруун бүсийн орос хэлний олимпиадад амжилттай оролцсон сурагч ОХУ-д тэтгэлгээр суралцахаар боллоо гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Тус олимпиадад Завхан аймгийн сурагчид идэвхтэй оролцсоноос Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ганзоригийн Намуунцэцэг шилдэг таван сурагчийн нэгээр шалгарсан. Тэрээр 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо.

Ташрамд баруун бүсийн орос хэлний улсын сонгон шалгаруулалт Говь-Алтай аймагт болсон юм. Энэ удаагийн олимпиадыг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол-Оросын найрамдлын 61 дэх өдрүүдийн хүрээнд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран зохион байгуулжээ.

Олимпиадыг энэ жил УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачилгаар математик, физикийн сонгон шалгаруулалттай хамтатган явуулсан. Олимпиадад Завхан, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгаас нийт 25 сурагч, орос хэл судлаач 15 багш оролцжээ.

 

Холбоотой мэдээ