Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-08 11:57:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр 19 сумын Засаг дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг оролцуулсан зөвлөгөөнийг Хужирт суманд зохион байгууллаа.

2022 онд аймгийн хэмжээнд 4.3 сая толгой мал өвөлжиж, хаваржих дүн мэдээтэй байна. Энэ зун, намар нийт нутгийн 95 хувьд газрын гарц харьцангүй сайн байсан, нөгөөтэйгүүр ихэнх аймагт малын гоц халдварт өвчлөл тархсантай холбоотойгоор малчид холын отор нүүдэл хийхгүй, орон нутагтаа суурьших төлөвтэй байгаа аж.

Одоогоор Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Дорнод аймагт 65 малчин өрхийн 30.2 мянган мал оторлож яваа бол аймаг дундын отрын бүс нутагт таван сумын 51 өрхийн 39 мянган мал отроор өвөлжих санал ирүүлжээ.

Аймгийн нутаг дэвсгэр дэх бэлчээрийн талбайн 60 хувьд нь даац хэтэрсэн, үүний зэрэгцээ өвөл цас ихээр орох төлөвтэй байгаа тул эр, сувай малыг зах зээлд борлуулах нь зөв гэдгийг малчдад хэлж ойлгуулах шаардлагатай байгааг зөвлөгөөнөөр онцоллоо. Үүний тулд Сансар, Номин гэхчлэн худалдааны томоохон төвүүдэд мах нийлүүлэх гэрээ хийх, малчдаа холбож өгөхийг бүх сумдын удирдлагуудад даалгав. Аймаг дахь махны үйлдвэрүүдээс 40 мянган хонь, ямаа худалдан авах гэрээ хэлэлцээр хийгээд байгаа аж.

Энэ жилийн хувьд өвс, тэжээлийн үнийн хөөрөгдлийг барих зорилгоор аймгаас малын ногоон тэжээл ахиу хэмжээгээр тариалах бодлогыг хэрэгжүүлж, өнгөрсөн жилийн тариалалтаас 2,4 дахин их буюу нийт 5636 га талбайд малын тэжээл тариалаад байна. Үүнээс 6763 тн буюу 270520 боодол ногоон тэжээл бэлтгэх тооцоо гаргаж, одоогийн байдлаар 1575 га талбайгаас 4805 цн ногоон тэжээл хураан аваад байна.

Аймаг, сумын аюулгүй нөөцөд 3350 тн буюу 163 мянган боодол өвс, ногоон тэжээл бүрдүүлэх шаардлагатай байгаа. Үүнээс сумдын өвсний аюулгүй нөөцийг орон нутагтаа тариалсан ногоон тэжээлээр бүрдүүлэхээр ажиллаж байна.

Зөвлөгөөнөөр мал, мах борлуулалт, хадлан тэжээл, малын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын өр, авлага, малын албан татвар, цаг агаарын төлөв байдлын талаар ярилцаж, аймгийн удирдлагуудын зүгээс үүрэг чиглэл өгсөн юм.

Холбоотой мэдээ