Японд ажиллагчдын цалингийн хэмжээ нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-08 17:11:00

ТОКИО. /NHK/. Японд ажиллагчдын цалингийн хэмжээ энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй нэмэгдсэн гэж тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ.  


Харин зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбаруудын ашиг орлогын хэмжээ цар тахал дэгдэж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад буурсантай холбогдуулан ажилчдын цалин, хөлсний хэмжээ буурсан үзүүлэлттэй гарчээ.


Тус яамны мэдээлснээр, нэг ажилтанд ногдох сарын дундаж цалингийн хэмжээ 275000 орчим иен буюу ойролцоогоор 2460 ам.доллар байжээ. Үүнд үндсэн цалин, илүү цагийн нэмэгдэл хөлсийг оруулж тооцсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оны наймдугаар сартай харьцуулахад иенийн ханшаар 0.7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн илүү цаг болон бусад нэмэгдэл хөлсний хэмжээ өмнөх оны наймдугаар сартай харьцуулахад 6.5 хувиар өсжээ. 


Үүний зэрэгцээ, зочид буудал, зоогийн газрын салбарт ажиллагчдын цалингийн дундаж хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурсан бөгөөд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 25 гаруй хувиар буурчээ. Энэ хандлага үргэлжилсээр байгааг яамны удирдлагууд онцолсон байна.

 

Холбоотой мэдээ