АН-ын бүлэг Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлийн талаар танилцуулга хийсэн. Тэрээр, өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн. Инфляцийн түвшин 8.9 хувьтай байгааг дуулгав.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Эдийн засгийн маш өөдрөг төсөөлөлтэй байгаа ч банканд хүндрэл гарч болзошгүйг сануулав. Мөн хэд хэдэн банканд Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байгааг дурдаад, ажлын явц ямар байгааг лавлаж байв. Гадаад валютын нөөц эрчтэй буурсан ч таатай нөхцөл нь нүүрсний үнэ байгааг тэмдэглэж, энэ үнийн өсөлтийг ашиглах шаардлагатайг онцлов.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, дээрх тооцооллыг бодитой эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, дэлхийд зээлийн өндөр хүүтэй манай банкууд үнэт цаас худалдаж аваад эрсдэлгүй ажиллах боломжтой эсэхийг сонирхож байв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, цаасан мөнгө хэвлэх ажилд хяналт тавихыг захиад, экспортыг дэмжихэд Монголбанк санаачилгатай ажиллахыг санууллаа. Валютын орлого оруулж дотоодын жижиг компаниудыг дэмжих хэрэгтэйг хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Бейсен, малчдаас зөвхөн түүхий эд бэлдэж авах биш, боловсруулах үйлдвэр барих чиглэлд дэмжих хэрэгтэй гэсэн санал хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Бодлогын хүү тогтвортой буурч байгаа нь зөв. Он гараад нэг хэсэг бизнес зогсонги байдалд ордог. Тэр үед нь дахин нэг функт буулгавал бүр сайн. Банкны үнэт цаас буцаад өссөн нь 10 их наяд төгрөгийн хөтөлбөр “бай”-гаа оноогүйг илтгэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Албан тушаалтнууд өөрийн компаниар дамжуулж аваад шууд хадгаламж болгосон. Тэдэнд зарцуулах шаардлага алга. Энэ хөтөлбөрийг зогсоо гэж байгаа юм биш, харин оновчтой хүртээмжтэй болгох хэрэгтэй. Ажлын байр хадгалах гээд зээл өгөхөөр буцаад банканд ороод ирлээ. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулалтын зээл болгож өөрчилбөл зүгээр. Ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газраас олгоно гэж байгааг би дэмжихгүй. Засгийн газар өгч эхэлбэл авлигын сүлжээ болно. Танайх өгдөг хэвээрээ байвал дэмжинэ. Иргэд хил нээвэл гадагшаа явахын хүслэн болсон энэ үед хил нээгдмэгц ханш унана. Үүнийг эртнээс тооцохгүй бол асуудал үүснэ шүү" гэлээ.