Хүйсийн тэгш байдал хэрхэн хангагдаж байгааг судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-12 14:50:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын болон төрийн захиргааны байгууллагуудад жендэрийн эрх тэгш байдлын баталгаа хэрхэн хангагдаж буй талаарх судалгааны тайлан гарчээ.

Жендэрийн эрх тэгш байдлын баталгаа улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байна гэсэн заалт байдаг байна.

Төрийн байгуулал, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг авч үзвэл, ИТХ-ын эмэгтэй төлөөлөл 12.1 хувь, сумын ИТХ-д 24.4 хувь байгаа нь аймгийн ИТХ-ын хувьд жендэрийн байдалд анхаарууштайг харуулж байна. Харин аймгийн ЗДТГ бодлогын хэлтэс эрэгтэй, эмэгтэйн харьцаа 50, 50 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт аж. Сумдын хувьд ч 45, 55 харьцаатай байгаа нь Баянхонгор аймгийн төрийн албан дахь Жендэрийн тэгш байдлын харьцаа боломжийн түвшинд байгаа гэсэн үзүүлэлт юм байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн Жендэрийн тэгш байдлыг авч үзвэл, 2008-2012 онд эрэгтэйчүүд 87 хувь, эмэгтэйчүүд 13 хувийг эзэлж байсан бол 2012-2016 онд эрэгтэй 85 хувь, эмэгтэй 15 хувь, 2016-2020 онд эрэгтэйчүүд 75 хувь, эмэгтэйчүүд 25 хувийг эзэлж эмэгтэйчүүдийн тоо өссөн сайн үзүүлэлт гарчээ. Гэвч 2020-2024 онд эрэгтэй 36, эмэгтэй 5 болж эмэгтэй төлөөлөгчийн хувь буурсан байх нь цаашид төлөөлөгчдийн хүйсийн тэгш байдалд анхаарах асуудал гарч байгааг албаныхан дурдав.

Холбоотой мэдээ