В.Путин доллар, криптовалют, залгамжлагчийнхаа талаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-14 10:28:18

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн телевизийн CNBC сувагт ярилцлага өгөхдөө залгамжлагчийн тухай асуултад хариулж, ам.доллар, криптовалютын талаар санал бодлоо хэлжээ.

 

“Одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй байна”

В.Путин 2024 онд төрийн гол албан тушаалд өрсөлдөх эсэх талаараа ярихдаа энэ асуултад хариулахгүй байхыг илүүд үздэг гэдгээ онцлон тэмдэглэжээ.


"Энэ бол миний уламжлалт хариулт. Дараагийн сонгууль хүртэл хангалттай их хугацаа байна. Энэ сэдвээрх яриа нөхцөл байдлыг тогтворгүй болгодог. Нөхцөл байдал тайван, тогтвортой байх ёстой, ингэснээр эрх барих бүх байгууллага, төрийн бүтэц бүхэлдээ итгэл төгс ажиллаж, ирээдүйгээ тайван харна" гэж В.Путин хэлсэн байна. Тэрбээр Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй гэдгээ сануулаад, ”гэхдээ энэ асуудлаар одоогоор ямар ч шийдвэр гараагүй байна" гэж цохон тэмдэглэсэн байна.


Ам.долларын хэтийн төлөвийн талаар

Доллар дэлхийн нөөц валютын хувиар байр сууриа алдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр АНУ долларыг хориг арга хэмжээний хэрэгсэл болгон ашиглаж маш том алдаа гаргаж байгааг онцолсон байна.


"Үүнтэй холбогдуулан АНУ сууж байгаа мөчрөө хөрөөдөж байна гэж хэлж болно. Учир нь энэ бол дэлхийн нийтийн нөөц валютын хувиар долларын өрсөлдөөний үнэмлэхүй давуу тал юм. Харин тэд ийм байдлаар байр суурийг нь сулруулж, улс төрийн түр зуурын ашиг сонирхолд нийцүүлэн эдийн засгийн стратегийн ашиг сонирхлоо сүйтгэж байна" гэж В.Путин нэмж хэлжээ.


Дэлхийн улс орнууд нөөцөн дэх долларын хэмжээг багасгаж, тооцоонд эзлэх хувийг нь бууруулж байгааг тэрбээр сануулсан байна.


ОХУ ч мөн нөөцөн дэх доллароо бууруулж, тооцоо хийхдээ доллар ашиглахаа ч багасгаж, үндэсний валютын хэрэглээнд шилжих гэж оролдож байна гэж В.Путин цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Москва доллароос бүрэн татгалзах сонирхолгүй байгааг тэрбээр тэмдэглэв.


В.Путин нэмж хэлэхдээ, дэлхийн эдийн засаг бүхэлдээ АНУ-ын эдийн засгийн сайн сайхан байдлаас хамаардаг, Орос улс ч мөн тэнд ямар ч үймээн самуунгүй, өсөлт гаргахгүй байх сонирхолтой гэжээ. Түүний хэлснээр, Москва юу болж байгааг анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийж, урт хугацааны ашиг сонирхлоо хангахын тулд шаардлагатай алхмуудыг хийж байна.


Криптовалютын тухайд

Криптовалют нь тооцооны нэгж байж болох ч маш тогтворгүй гэж Путин хэлэв.


“Нэг газраас нөгөө газар луу мөнгө шилжүүлэхэд ашиглаж болох. Гэхдээ худалдаа наймаа хийх, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрийн наймаа хийх нь миний бодлоор эрт байна” гэж тэрбээр хэлжээ.


"Бид цаашид хэрхэхийг харна. Магадгүй хэзээ нэгэн цагт хуримтлалын хэрэгсэл болж болох юм. Энэ зах зээл хэрхэн хэлбэлзэж байгааг бид харж байна. Өнөөдөртөө арай эрт байна" гэж В.Путин хэлсэн байна. 


AUKUS эвслийн талаар

Тэрбээр Автсрали, Их Британи, АНУ-ын саяхан байгуулсан AUKUS эвслийн тухайд ярихдаа ийм эвсэл байгуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 


"Миний бодлоор бие биетэйгээ нөхөрлөх нь сайн, харин хэн нэгний эсрэг найзлах нь муу”. Энэ нь бид бүгдийн ярьж, санаа тавьдаг тогтвортой байдлыг алдагдуулдаг" гэж В.Путин тайлбарлав.


Тэрбээр нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүй хувилбараар өрнөхгүй, бүс нутгийн байдлыг нэмж хурцатгахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 


Холбоотой мэдээ