Өссөн төсвийн өгөөж нь юу байх вэ?

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-10-19 15:57:39


Монгол Улсын ирэх оны төсвийг 18 их наяд байхаар төсөөлж, төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байгаа билээ. Нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох аргагүй цар тахлын энэ үед 2022 оны төсвийг яагаад ийнхүү өөдрөгөөр төсөөлөх болов. Түүхэндээ анх удаа хэмээн Ерөнхий сайдын онцлон хэлсэн, өссөн төсвийн өгөөжийг хэрхэн яаж тооцоолсныг эдийн засагчид болон олон нийт анхааралтай шинжлэн дүгнэж байна.

 


"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулсан байна.


Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тооцоолон гаргасан 2022 оны улсын төсвийн  төсөл дараах гурван онцлогтой хэмээн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тодотгосон. Үүнд:

·         Эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх

·        Дундаж давхаргыг дэмжихэд анхаарах, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих

·     Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл  




Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч,  Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж байгаа.

Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой аж.

Түүнчлэн хамгийн гол онцлох зүйл нь татвар төлөгчдийн мөнгийг эдийн засагт үр ашигтай зарцуулах, хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч боловсруулсан байна.




Бүх шатны төрийн байгуулллагууд хэмнэлтийн горимд ажиллаж төсвийн зарлагыг багасгана гэж байгаа. Ингэхдээ орон тоог хязгаарлаж, сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх гэх мэт зохицуулалт хийх юм. Мөн төрийн үйл ажиллагааг цахимжуулж төсөв хэмнэхээс гадна, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, байгууллага шинээр автомашин худалдан авах, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, ой тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах зэрэг хасаж танах боломжтой зардлуудыг цэгцлэх тухай төсөвт тусгасан. Төрийн данхар бүтцийг цомхон болгох, хувийн хэвшилд гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг нь шилжүүлэх маш том ажлын суурийг тавьсан төсөв хэмээн эдийн засагчид үзэж байна. Төрийн өмчит компаниудад засаглал, бүтцийн өөрчлөлт, бодлогын шинэчлэл 2022 онд өрнөх нь гэж энэ удаагийн төсвийн төлвөөс харж болохоор байна.






Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүйн иргэдээ санхүүгийн баталгаатай болгоход бэлтгэх, халамж хүлээдэг бус, хөдөлмөр эрхэлж орлоготой байхыг эрмэлздэг иргэдтэй болох гэх мэт үүргийг аль ч үеийн Засгийн Газар хариуцлагатайгаар үүрэх ёстой гэж хэлж болно. Энэ удаагийн төсвийн тоо хэмжээ нэмэгдсэн хэрээр энэ бүх ачааг үүрэх хариуцлага шингээсэн төсөв болжээ гэж дүгнэж болох. Мөн иргэд жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тухай, боловсролын салбарын шинэчлэл, 2022 оны төсвийн жил шилжих асуудлыг ч төсвийн хүрээнд багтаасан.





Үеийн үед яригдсаар гарц шийдлээ олох найдвар тун тасраад байгаа Улаанбаатар хотын төвлөрөл түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг энэ удаад арай өөр гаргалгаагаар зохицуулж буй. Энэ чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ. Мөн Богдхаан уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэхээр болж байна. Энэ мэтээс үзэхэд ирэх оны төсвийн ирээдүйд өгөх үр ашиг их байх боломжтой юм.




Холбоотой мэдээ