Хятадын сансрын хөлөг тойрог замын модультай холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-10-16 11:21:56

ЗЮЦЮАНЬ. /Xinhua/. БНХАУ-ын "Шэньжоу-13" сансрын жолоодлогот хөлөг тойрог замын "Тяньхэ" станцтай амжилттай холбогдлоо гэж тус улсын жолоодлогот хөтөлбөрийн газар мэдээлэв.


Гурван сансрын нисэгч бүхий уг хөлгийг станцтай залгах ажил хөөргөснөөс хойш долоо орчим цаг үргэлжилжээ. Ийнхүү сансрын нисэгчид станцад засвар үйлчилгээ хийх үүргээ албан ёсоор эхлүүлж байна. Сансрын нисэгчид тойрог замд зургаан сар байх бөгөөд энэ хугацаанд хоёроос гурван удаа задгай сансарт гарч ажиллахаас гадна, шинжлэх ухааны хэд хэдэн туршилт хийнэ.


"Шэньжоу-13" хөлгийг 10 дугаар сарын 16-нд орон нутгийн цагаар 00 цаг 23 минутад Хятадын хойд нутагт орших Зюцюань сансрын буудлаас хөөргөжээ.


Хятадын тойрог замд байгуулж буй сансрын станцын гол модуль болох “Тяньхэ”-г өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр "Чанжэн-5B" зөөгч пуужингаар хөөргөсөн юм. 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй энэхүү модуль нь БНХАУ-д бүтээсэн хамгийн том сансрын аппарат болжээ.


Хятадын сансрын станц нь 340-450 км-ийн өндөрт байрлах бөгөөд 10 гаруй жил ашиглах төлөвтэй байна.


"Шэньжоу-13" хөлгөөр энэ удаад хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нисэгчийг сансарт илгээжээ.


Сансрын нисэгч Жай Жиган /дунд талынх/ 1966 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансарт нисэж байгаа ажээ. Тэрбээр 2008 онд "Шэньжоу-7" сансрын хөлгөөр нисэж байсан бөгөөд задгай сансарт гарсан Хятадын анхны сансрын нисэгч юм.


Харин эмэгтэй нисэгч болох Ван Япин нь 1980 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансарт нисэж байна. Тэрбээр 2013 оны зургаадугаар сард "Шэньжоу-10" хөлгийн багт багтаж байжээ. Ван Япин энэ удаа задгай сансарт гарч ажиллах бөгөөд задгай сансарт гарсан Хятад улсын анхны эмэгтэй сансрын нисэгч болох юм.


Багийн гурав дахь гишүүн Ие Гуанфи мөн л 1980 онд төрсөн бөгөөд анх удаагаа сансрын нислэгийн багийн бүрэлдэхүүнд багтжээ. 


Хятад улс ирэх онд сансрын зургаан хөлөг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд үүний хоёр нь жолоодлогот хөлөг байх юм.


Холбоотой мэдээ