З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүнийг тусгай горимоор импортлох боломжийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 13:44:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, импортоор авдаг хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар танилцуулга хийсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. 


БНХАУ-ын Эрээн хотын боомт хаагдсантай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөхгүй, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авах Ажлын баг байгуулав. Шадар сайдаар ахлуулсан тус ажлын баг хүнс, ялангуяа богино хугацаанд хадгалах горимтой хүнсний бүтээгдэхүүнийг хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх чиглэлээр ажиллах юм. 


Засгийн газраас өнгөрсөн онд санаачилж УИХ-аас баталсан Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиар, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ хүрээнд, дээрх төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин нэмэгдсэн бөгөөд үнийг тогтвортой хэмжээнд барих боломж бүрдсэн. Гэхдээ 6 дугаар сараас олон улсын тээвэр саатсантай холбоотойгоор, аж ахуйн нэгжүүдийн захиалсан бараа хилийн цаана удаан хадгалагдах нөхцөл үүссэн байна. 


Өнөөдрийн байдлаар, стратегийн гол нэрийн хүнсний хомсдол үүсээгүй, Эрээн хотын боомт хаагдсантай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэн. Бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос зохистой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байгаа юм. Иймд богино хугацаанд тээврийн асуудлыг зохицуулж чадвал хүнсний нөөцөд асуудал үүсэхгүйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэмдэглэв. 


Иймд ажлын багт хүнсийг тусгай горимоор нэвтрүүлэх ямар боломж байгааг судалж салбар хооронд хамтын шийдвэр гаргахыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ