Амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө хийсэн Каддафийн бичлэгийг дэлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-21 13:56:44

КАИР. /TASS/. Одоогоос 10 жилийн өмнө 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ливийн удирдагч Муаммар Каддафи босогчдын гарт амиа алдсан билээ. Эл өдрийг тохиолдуулан амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө хийсэн түүний аудио бичлэгийг анх удаа дэлгэжээ.


“Al-Hadath” телевизээр мэдээлж буйгаар, бичлэгийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сирт хотод хийжээ. Дууны чанар муу уг бичлэгт Каддафи эх оронд нь болж буй үйл явдлын талаар, төрөлх хотынхоо бүслэлтийг сэтлэх дайралтад бэлтгэж байгаа тухайгаа ярьжээ. Тэрбээр "арабизм, лалын шашин, зарчим, үнэт зүйл, шударга ёсны төлөөх энэ тулаанд түрэмгийлэл, дарангуйллын өмнө үхэхэд бэлэн байгаагаа" хэлсэн байна. Түүнчлэн үнэн мөн, шударга ёс, нэр төрийг хамгаалахын тулд дарангуйлагч хүчнүүдтэй 40 жилийн турш цуст тэмцэл хийсний төлөө 40 улс Ливийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн гэж бичлэгтээ онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, "Урвалт шарвалт Ливийн нийслэл Триполиг сүйрэлд хүргэж, НАТО-гийн хүчин, лалын террорист бүлэглэлүүдийн гарт оруулсан байна.


Тэрбээр мөн эхнэр Сафиа, охин Аиша нартаа хандан баяр баясгалан, аз жаргалыг хүсэн ерөөгөөд, "үхэл рүү зориг дүүрэн, итгэл төгс явж байгаагаа, мөн бүх дэлхийн өмнө эх орноороо бахархаж буйгаа" тэмдэглэн хэлжээ.


Муаммар Каддафи 2011 оны 10 дугаар сарын 20-нд төрөлх Сирт хотынхоо төлөөх тулааны үеэр амиа алдсан юм. Хурандаа өөрт нь үнэнч үлдсэн хэсэг бүлэг хүмүүсийн хамт босогчдод бүслэгдэж озлогджээ. Нэг их удалгүй түүнийг босогчид баривчлан авч яваа дүрс бичлэг дэлхий даяар цацагдаж шуугиан тарьсан билээ. Түүнийг шархаа даалгүй нас барсан хэмээн Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлөөс мэдээлж байсан ч босогчид тамлаж хөнөөсөн нь сүүлд батлагдсан юм. Босогчид түүнийг хөнөөснийхөө дараа цогцсыг нь Мисурата хотын худалдааны төвд тавьсан байна. 


Аравдугаар сарын 25-нд түүнийг хүү Муатассим, Батлан хамгаалахын сайд Абу Бакр Юнис нарын хамт Ливийн цөлд нууц газар оршуулжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр оршуулах ёслолд ердөө найман хүн оролцсон байна. Хэдэн жилийн дараа тэднийг Мисурата мужийн өмнөд захад оршуулсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлжээ.


10 жилийн өмнө Сирт хотын төлөөлөгчид Каддафийн шарилыг авах хүсэлтийг мисуратачуудад тавьсан боловч Ливийн удирдагч агсны дэглэмийг эсэргүүцэгчдийн цогцсыг оронд нь шаардсан учир талууд тохиролцоонд хүрч чадаагүй байна. Харин энэ оны есдүгээр сард хэвлэлүүдээр Мисуратагийн төлөөлөгчид болон аль-каддафи, аль-мужабар омгуудын ахлагч нар тохиролцоонд хүрч, Ливийн удирдагч агсан болон хүү Муатассим, Абу Бакр Юнис нарын шарилыг Сирт хотод дахин оршуулахаар болсон гэх мэдээлэл гарчээ.


Холбоотой мэдээ