Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явцыг судлан ном бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-21 15:21:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Цэдэндамбын Батбаярын “Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн түүхэн үйл явц: Эхлэл, өрнөл, төгсгөл” номын нээлт  ГХЯ-ны Зөвшилцөл танхимд өнөөдөр болов.


Энэхүү номыг Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ойд зориулан бичсэн бөгөөд манай улс НҮБ-д элсэхээр 1946-1961 онд гаргасан хүчин чармайлт, тэрхүү түүхэн үйл явцыг онол, практикийн үүднээс нэгтгэн, баримттай харуулсан үнэтэй бүтээл юм.



Номын нээлтэд ГХЯ-ны ТНБД Ц.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра болон ахмад дипломат, эрдэмтэн судлаачид оролцлоо.



БНМАУ НҮБ-д албан ёсны эрх, байр сууриа эзлэхийн төлөө 1946 оноос 1961 оны хооронд хийсэн 15 жилийн хүчин чармайлтыг тодруулах асуудал өнөөдөр ч чухал хэвээр байна. Энэхүү судалгаанд ОХУ, АНУ, Их Британийн архивын материал төдийгүй, түүхэн хүмүүс, Жахаварлал Неру, Н.С.Хрущев, Жон Ф.Кеннеди, А.А.Громыко нарын дурсамж, хэлсэн ярьсан үг, захидал сэлтийг өргөн ашиглажээ.



Монголын гишүүнчлэлийн асуудалд Солонгосын дайн, ЗХУ-ын “энх тайвнаар зэрэгцэн орших” бодлого, Бандунгийн бага хурал, дэлхийд колонийн систем нурж, Ази-Африкийн орнууд “гуравдагч хүч” болж НҮБ-ын тавцанд гарч ирсэн зэрэг хүчин зүйл нөлөөлснийг шинээр авч үзсэн байна.



Түүнчлэн 1950-иад онд БНМАУ социалист орнууд, түүнчлэн энэтхэг, Бирм, Индонез зэрэг Ази, Африкийн орнуудтай дипломат харилцаа тогтоож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайвны төлөө тэмцэлд нэгдэж гадаад ертөнцөд үүд хаалгаа нээснээр НҮБ-д элсэхэд даацтай түлхэц болсныг баримттай нээн харуулжээ.

Холбоотой мэдээ